Ерөнхий сайд арай л баавартай юу?
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэгэн өөр төрхийг та харж байна. Үүнээс өмнө магадгүй гитар барьчихсан, хамтлагийн дуучин шиг тайзан дээр зогсож байгаагаар нь харахдаа бас ингэж "Wow" гэж уулга алдсан байж мэдэх юм. Хар хослол, цагаан цамцтай, Засгийн газрын тэргүүнийг ийм дүр төрхтэй харах нь үнэндээ сонин бас содон л доо. Мань эр өөрийн хобби болсон "Harley"-гаа хөлөглөсөн шигээ, өөртөө итгэлтэй гэгч нь өнөө өглөө Сүхбаатарын талбайд салхи татуулан давхиж явсан юм. "Талын салхи" олон улсын мото фестиваль манай улсад зохион байгуулагдаж, Ерөнхий сайд нээлтэд нь оролцсон нь энэ юм. Ийм арга хэмжээн дээр нээрээ ёслолын хувцастай очвол үнэндээ утгагүй л дээ. Тэгэхээр баавартай Ерөнхий сайд маань магадгүй гадныханд өвөрмөц сурталчилгаа болох ч юм бил үү. Дашрамд дуулгахад уг фестивальд ОХУ-аас 10 гаруй клубийн 60 шахам мото спортынхон тамирчин ирж оролцож байгаа гэсэн шүү.