Энэ дөрвийг устгаагүй тохиолдолд амжилтанд хүрэхгүй
Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак нийтлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно. Энэ удаа та бүхэнд блогч Ука Төмөрийн өөрийн цахим сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Мэдээж бид бүгд амжилтанд хүрэхийг хүсдэг. Бид бүгд амжилтынхаа төлөө урагш тэмүүлдэг. Гэвч заримдаа нэг л болж өгдөггүй. Хичнээн хичээгээд ч, хичнээн зүтгээд ч нэг л хүссэнээр болж өгдөггүй. Үүнд юу саад болж байна вэ? Тэгвэл үүнд 4 зүйл саад болдог.
Энэ дөрөвийг устгаагүй тохиолдолд амжилтанд хүрэхгүй
- Айдас. – Үүнийг хүн бүхэн мэддэг. Магадгүй та “Тийм ээ, тийм! Айдсаа давбал амжилтанд хүрнэ. Наадахыг чинь зөндөө сонссон” гэж болох юм. Би ч гэсэн энэ тухай зөндөө бичиж байсан. Гэхдээ байж байгаарай, миний юу хэлэхийг сонсоорой.
Та ямар амжилт гаргах гээд байна вэ? Магадгүй мөнгөтэй болох хүсэлтэй байж болох юм. Тийм бол хэдэн төгрөгтэй болох хүсэлтэй байна вэ? Яг одоо өөрөөсөө асуугаад үз дээ… Хариулахад хэцүү байгаа биз? Та дотроо их мөнгө хүсч байгаа ч гэсэн гаргаж хэлэхэд хэцүү байгаа учир нь их мөнгө хэлэх гэхээр тийм их мөнгө яаж хийхээ мэдэхгүй, эсвэл их мөнгөтэй болж чадахгүй байвал яах вэ гэх мэт бодлоосоо болоод хэлж чадахгүй байгаа байх.
Магадгүй танд таалагддаг, найзлах хүсэлтэй залуу(эсвэл эмэгтэй) байдаг боловч түүнийгээ илчлэх гэхээр зөвшөөрөхгүй байвал яана аа, тоохгүй байвал яана аа гэх мэт бодлоосоо болоод түүнийгээ илчлэхгүй байгаа байх.
Гоё биетэй болох хүсэлтэй ч өөрийгөө тийм гоё биетэй болчихсон байгаагаар төсөөлж чадахгүй, эсвэл болохын тулд өдөр болгон тууштай дасгал хийж чадахгүй байвал яана аа, яаж гоё биетэй болохоо мэдэхгүй гэх мэт бодлоосоо болоод тодорхой хэлж чадахгүй байгаа байх.
Үүнийг л айдас гээд байгаа юм. Энэ айдсуудаасаа болоод бид том юм хүсч чадахгүй наагуур жижиг юман дээр буудаг. Сая доллартай болохоос айгаад сая төгрөг дээр буудаг, асар гоё булчинлаг биетэй болохоосоо айгаад гүзээтэйгээ хоцордог, асар том бизнесийн эзэн болохоосоо айгаад өнөө л дургүй ажил дээрээ үлддэг.Өөрийнхөө болж чадах дүр төрхөнд хязгаар тавих, өөрийнхөө олж чадах мөнгөнд хязгаар тавих, хийж чадах үйлдэлдээ хязгаар тавихыг айдас гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийнхөө байгаа байдлаас болоод, эсвэл болж өнгөрсөн золгүй явдлаас болоод өөрөө өөртөө хязгаар тавихыг, өөрийнхөө ирээдүйд хязгаар тавихыг айдас гэж хэлнэ.
Хэрвээ таны өөөдрийн амьдрал санаснаар биш байгаа бол, хэцүү байгаа бол таны хамгийн түрүүнд хийх юм гэвэл ИХИЙГ ХҮСЧ ТЭМҮҮЛ. АСАР ИХИЙГ ХҮСЧ ТЭМҮҮЛ. Хүсэл тэмүүлэлдээ хязгаар бүү тавь гэдгийг сануулах хүсэлтэй байна. Амьдралаа ямар болгох хүсэлтэй байна, хэдэн төгрөгтэй болмоор байна, хэнтэй найзламаар байна вэ… бүгдийг зоригтойгоор тодорхой хэлж сурах хэрэгтэй. Тэр таны хүсэл тэмүүлэл мөн. Тэр бүгдийгээ бодит болгох хэрэгтэй. Айдас бол зөвхөн тархинд байдаг бодол. Айдсаа давахын тулд бодлоо өөрчлөх хэрэгтэй. Бүгдийг болж бүтэх талаас нь бодох хэрэгтэй. Айдас таныг биш та айдсаа удирдах нь чухал.
- Ядаргаа. – Хүн бүр ядардаг. Нас яваад ирэхээр (30, 40 гарахаар) бүүр их ядардаг. Заримдаа би өдөржингөө ажлаа хийгээд, хүүхдүүдтэйгээ зууралдаад, өөрийнхөө төлөө чухал юмаа хийх гэхээр ядарчихсан юун юмаа хийх мантай ор руугаа бүүр мөлхөх нь шахуу л явдаг.
3 янзын ядаргаа байна. Биеийн ядаргаа, тархи толгойн ядаргаа, сэтгэлийн ядаргаа гэж байна. Яагаад ядаргаа үүсдэг вэ? Өөртөө цаг гаргаагүйгээс, биеийн дасгал хийгээгүйгээс, шингэн юм сайн уугаагүйгээс, зөв хооллоогүйгээс, тархин дахь бодлоо цэгцлээгүйгээс, сэтгэлийн зовиураас гэх мэтээс үүсдэг.
Ядаргаанаас болоод бид чухал ажлаа их хойшлуулдаг. Амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол ядаргаанаас гарах хэрэгтэй. Яаж вэ гэвэл ядрахгүйн тулд яах ёстойг мэдэх нь зүйтэй. Үүнд биеийн тамир спортоор хичээллэх, бясалгал хийх, амьсгалын дасгал хийх, зөв хооллох, эрт унтаж, эрт сэрэх, нойроо зохицуулах, амин дэм уух, шингэн юм сайн уух, 10-20 минут дуг хийх гэх мэт. - Анхаарал төвлөрөлт. – Үүнийг бас бид бүгд мэднэ. Чухал юмаа чухал байлгах нь чухал тийм үү. Гэвч бид мэдсээр байж чухал юмаа чухал байлгаж чаддаггүй. Хүнийн анхаарал 3 минут тутамд сарниж байдаг ба буцаад төвлөртөл 20 минут шаарддаг гэж байсныг би санаж байна. Тэгээд бодоход хүн ерөөсөө төвлөрдөггүй юм шиг байгаан.
Би 10 настай хүүгээ харж байхад анхаарал нь ерөөсөө төвлөрөхгүй хаа сайгүй явж байдаг. Хичээлээ давтсан ч, аяга угаасан ч нэг л мэдэхэд анхаарал нь срничихсан байдаг. Тэгэх болгонд нь би “хичээлээ давт, хичээлээ давт!” гэж дахин дахин сануулсаар байгаад гэрийн даалгаварыг нь хийлгүүлж дуусгадаг. Тиймээс том хүн ч гэсэн хүүхдээс нээх их ялгарахгүй өөрөө өөртөө төвлөрөхийг дахин дахин сануулж байх хэрэгтэй юм шиг санагдасан. Бид хэдий мэддэг ч мартдаг. Тиймээс өөртөө дахин дахин сануулж байх нь зүйтэй. Орчин үед анхаарал сарниулах зүйл их бий болсон болохоор өөртөө бүр их сануулах хэрэгтэй. Анхаарал алдангуут эргэлзээ үүснэ, төөрнө. Тийм ч учраас би өнөөдөр энэ бичвэрийг бас сануулах үүднээс бичиж байна.
Хэрвээ та анхаарлаа 2 дахин илүү төвлөрүүлбэл та 2 дахин илүү амжилт гаргана. 10 дахин илүү нэмбэл 10 дахин илүү амжилт гаргаж чадна. Тийм учраас би таныг 2018 ондоо 10 дахин илүү амжилт гаргаасай гэдгийг хүсч байна. - Бусад юм. – Өөрөөс шалтгаалах бүх зүйл болчихоод байхад бусад хүнээс эсвэл бусад юмнаас болоод бүтэхгүй байх тохиолдол их бий. Энэ үед бид яах ёстой вэ? Бид мэдээж өөрөөс шалтгаалах бүхнээ өөрчилж чадна. Харин өөрөөс шалтгаалахгүй юмыг эсвэл бусад хнийг өөрчилж чадахгүй. Үүнд бухимдах хэрэггүй. Тэвчээртэй хандаж сурах хэрэгтэй. Бүх юм сайхан болно, бүтнэ гэдэг итгэлээ алдаж болохгүй. Саад бэрхшээл гардгаараа гарна. Саад бэрхшээлгүй амжилт гэж байхгүй. Үүнийгээ ухаантайгаар, тэвчээртэйгээр даван туулж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Бусадтай харьцах харьцаагаа сайжруулж, бусдыг урамшуулж сурах, бусдад талархаж сурах, бүх зүйл болдгоороо болж, дэлхий ертөнц таны талд үргэлж байгаа гэдэг итгэлээ алдахгүй байх нь чухал шүү гэдгийг өнөөдөр би сануулах хүсэлтэй байна.2017 он таны хувьд ямар жил болж өнгөрсөн бэ? Хийнэ бүтээнэ гэдгээ хийж бүтээсэн үү? Хэрвээ үгүй бол хийж бүтээхэд танд юу саад болсон бэ? Дээрх 4-ийн аль нь саад болж байна вэ? гэдгийг олж тогтоогоорой. Тэгээд 2018 ондоо энэ 4 саадаа таньж мэдээд, түүнийгээ устгаж улам их амжилт гаргахыг би танд чин сэтгэлээсээ хүсч байна.
Эх сурвалж: ukatumur.com/blog/