Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” уриан дор Баянгол дүүргийн 16, 17, 18, 19-р хорооны 3-12 насны 1000 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг үнэ төлбөргүй оношлон, картжуулж, эцэг эхчүүдэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.
Энэхүү ажлын хүрээнд явуулын шүдний лабораториор тус дүүргийн 242, 11, 198-р цэцэрлэг, Оюуны ундраа цогцолбор сургууль, 47 дугаар сургуулийн бага ангийн сурагчдыг хамруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 600 гаруй хүүхэд тус үзлэг, оношилгоонд хамрагдаад байна. Ирэх намраас дахин үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн амны хөндийн үзлэгт хамрагдсан 1000 хүүхдийн шүдний өвчлөлийн судалгааг боловсруулах ажлыг эхлүүлэх аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, “Шүдний өвчлөл нь маш олон өвчний эх үүсвэр болдог учраас хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад хамгийн түрүүнд шүднээс нь эхлэх ёстой юм. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 100 хүүхэд тутамд гурван хүүхэд л цоо эрүүл шүдтэй байна. Бидний анхааралдаа авах чухал асуудлын нэг болсон гэдгийг энэ судалгаа харуулж байна” гэв.
ДЭМБ-аас 2000 онд шүд цоорох өвчнийг олон шалтгаант халдварт өвчин хэмээн халдварт өвчний ангилалд оруулсан. “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 2011 оны байдлаар 65-96 хувьтай байжээ. Өнөөдөр ч энэ тоо буураагүй болох нь 2018 онд 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байна. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай, шүд цоорох өвчний эрчим 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын байгууллагын шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд өндөр түвшинд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ