Эмийн хөнгөлөлт эмийн сангуудыг тойрсон хэрүүл
Ер нь эрүүл мэндийн үзүүлэлт, эдийн засгийн өсөлт хоорондоо шууд хамааралтай байдаг нь тогтоогдсон зүйл гэж эдийн засагчид ярьж байна. Тэдний ярьж байгаагаас үзэхэд өвчний улмаас хувь хүний эдийн засаг доройтдог. Улмаар тайван байдал алдагдаж , олох орлого нь буурдаг гэнэ.
Хүн өнөөдөр эрүүл боловч хэзээ өвчин тусах нь тодорхойгүйгээс эрсдэл дагуулдаг онцлогтой. Өвчилсөн нөхцөлд эмчилгээ, эм тарианы мөнгө шаардлагатай болдог. Цаашлаад олон өрх гэр, хувь хүмүүс өр тавих, эд хогшлоо худалдах зэрэг санхүүгийн хувьд хүндрэлтэй болдог. Энэ бүх бэрхшээлээс тойрон гарахад бага боловч тус дэм үзүүлдэг нь эрүүл мэндийн даатгал гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Гэхдээ эрүүл мэндийн даатгал (ЭМД)-аар төрөөс иргэд 16 төрлийн тусламж үйлчилгээг авдаг. Тэр бүхнийг хуулиар нарийвчлан заасан гэдгийг хүн бүр мэддэггүй. Иймээс иргэд тус даатгалын сангаас хүртэх өөрийн боломжоо алддаг байх юм. Тус сангаас хөнгөлөлттэй эм олгодог гэдгийг иргэд бусад үйлчилгээнээс нь арай илүү мэддэг юм. Харамсалтай нь тэр эмийг олж авч чадаагүй гэж олонх нь хэлж байна. Даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгоод арав орчим жил болжээ. Анх зорилтод бүлгийнхэн буюу ахмадуудад өрхийн эмч тусгай дугаартай эмийн жорын цаасан дээр хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмээс бичдэг, ахмадуудад харьяалагдах дүүрэг, хорооны даатгалын сантай гэрээтэй эмийн сангууд олгож эхэлсэн юм билээ.
Улсын хэмжээнд 2018 оны тавдугаар сард тус сангаас 1.7 тэрбум төгрөгийн эмийн хөнгөлөлтийг 142 мянга 800 иргэнд 824 эмийн сангаар дамжуулан олгосон гэдэг мэдээлэл төрийн байгууллагад байна. Гэвч эмийн хөнгөлөлт эдэлж чадсангүй гэсэн иргэдийн гомдол тасардаггүй гэнэ. Иргэдийн гомдол гэрээгээр эм олгож байгаа эмийн сангуудын хүрээнд эргэлддэг гэж үзэж болох бололтой. ЭМДС-тай гэрээтэй эмийн сангуудад хэдэн төгрөгийн санхүүжилт хэзээ ирэв. Хөнгөлөлт эдлэх иргэний худалдан авах эм байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл нийтэд түгдэггүй тул хөнгөлөлт эдэлж эм авч чадахгүйд хүрдэг гэх юм. Тодруулбал эмчээр эмээ бичүүлээд очиход санхүүжилт дууссан, бичүүлсэн эм байхгүй гэдэг шалтгаанаар эмийн сангууд иргэдийг буцаадаг байна.
Хөнгөлөлттэй эмийн хойноос тууштай хөөцөлддөг иргэд нь ахмадууд байдаг. Тэдний хувьд даралтын, цөсний, бөөрний гэхчлэн цөөн нэр төрлийн эм бичүүлдэг. Харин эмийн сангуудаас дээрх хариуг авдаг байх жишээтэй. Энэ нь тухайн иргэний ЭМДС-гийн хөнгөлөлт эдлэхэд саад болдог гэж хэлэх хүн олон таарлаа. Ийм байдал үүсдэг тул цөн хүн давхардуулаад хөнгөлөлттэй эмийг авчихлаа гэдэг хардалт иргэдийн дунд байдаг аж.
Эрүүл мэндийн даатгалын газраас хөнгөлөлттэй эмэнд хамрагдах иргэний нэр давхардах ямар ч боломж байхгүй гэсэн тайлбар өглөө. Үнэхээр ийм бол сайн хэрэг. Хөнгөлөлттэй эм олгох энэ үйлчилгээ ЭМДС-гийн үйл ажиллагааны өчүүхэн хэсэг нь биз ээ. Гэхдээ түүний цар хүрээ, хамрагдах хүний тоо маш их байдаг бололтой. Ийм учраас араасаа олны хардалт дагуулдаг ус сантай гэрээтэй эмийн сангуудын үйл ажиллагааг ил тод болгохгүйгээр иргэдийн гомдол тасрахгүй даатгалын сангийн ажил ч сайн нэр зүүхгүй нь. Тэгээд ч нийтэд зориулагдсан сангийн хөрөнгө арга зайльтай, гэрээтэй эмийн сангуудын тойрон хүрээлэл дэх хэт цөөнхөд зарцуулагдаад байх магадлал өндөр байгаа бус уу.
Харин Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгал (ЭМД)-д албан журмаар заавал даатгуулах үүрэгтэй гэж хуульчилсан байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа төлнө гэсэн ойлголт байхгүйг би, чи, та бидэнд сануулж байгаа эрх зүйн ойлголт гэнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгохоос гадна хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяаны эмчилгээ, өндөр өртөгтэй мэс засал гээд томоохон үйлчилгээ авч болдог сайн талтай. Энэ талын үйлчилгээ авч байгаа өвчтөнүүдээс одоохондоо гомдол гараагүй байгаа гэж эмийн салбарынхан хэлж байна.
Ер нь даатгуулагч даатгалын шимтгэлээ төлснөөр жилд хоёр сая төгрөгийн даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. Харин өвдөхгүй, тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд таны, миний даатгал гэр бүлээс нь хэн нэг нь яаралтай өндөр өртөгтэй хагалгаанд орох болвол тэр гишүүнд шилжүүлэн ашиглах хувилбартай хуульчилжээ.
Даатгуулагч эмчийн бичсэн жороор ЭМДС-гаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 нэрийн эмийг даатгалын сантай гэрээтэй эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Харин эмийн сангуудыг тойрсон бөөн хэрүүл, хөнгөлөлттэй эмийн хүндрэл болон хувирах магадлал араасаа дагуулж байна. Энэ нь ЭМДС-гийн иргэнд тустай шинэ тогтолцоог татаад унагачих вий дээ.