Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг өсчээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа газруудад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг ажил арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний таван сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал олборлох 12 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж. Иймээс зөрчил гарч буй Ерөө сумын нутаг Харганат гэх газарт ашигт малтмал олборлож буй иргэдтэй энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлаар яриа таниулга хийж, заагдсан хугацаанд талбайг чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн байна.
Тухайлбал Ерөө сумын Ялбаг гэх газарт Улаанбаатар хотын харъяат “А” гэгч нь БНХАУ-ын иргэдтэй хамтран зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлосон. Мөн тус сумын Харгана гэх газарт Ерөө сумын харъяат “Б” нь ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийг хөндөж байгаль орчинд хохирол учруулсан зэрэг үйлдлүүдийг илрүүлээд байгаа ажээ.