Эрчүүд бидний ууж бараагүй амтат "дарс" бүсгүйчүүд
Элдэв маяг, ааш аараншинг тань ойлгох ухаан хүрэхгүйдээ уцаарлаж бухимддаг юм шүү дээ, эрчүүд бид чинь. Гэхдээ та наргүйгээр энэ ертѳнцийн наран жаргаж, ээвэр дулаан нѳмѳрт ч жавар хургаж, элсэн цѳлд ургасан сарнай цэцэг ч хийсч оддогийг бид мэднээ. Эрхлэх уцаарлахын тэрхэн хязгаарт хайр оршиж байдгийг мэдрээгүйдээ та нарыг гомдоодог байж магадгүй ээ. Гэхдээ чиний уруулгүйгээр миний сэтгэл хатаж, чиний илбэлтгүйгээр миний бие хѳрж, чиний тэврэлтгүйгээр миний сэтгэл давчиддагийг мэднээ. Хайр халамжийн хязгаарыг тань давж сагахдаа ѳрѳѳл бусад руу очиж та нарыг цѳхрѳѳдѳг байж магадгүй ээ, бид. Гэхдээ сэтгэлээ шингээсэн хоолны амтыг тань, хайраар сүлсэн цайны дээжийг тань, санаж хүлээхдээ мѳрѳѳдлѳѳрѳѳ халаасан халууныг тань хэзээ ч гүйцдэггүй юм даа.
Эрчүүд бид хатан зоригтон байх гэвч, хурц илдийг та нарын хайраар ирлэдгийг заримдаа мартдаг. Эрчүүд бид энэхэн орчлонг цээжиндээ тэврэх гэвч, олон үйлийг та нарын урнаар сүвлэдгийг мэдэрдэггүй. Эрчүүд бид уудам орчлонд хэрэн тэнэхийг хүсэвч, залуурын нэгэн хѳдѳлгѳгч нь та нар байсныг ойлгодоггүй. Эрчүүд бид чонын хийморьтой байх гэж мѳрѳѳдѳх авч, бэлтрэг байхад нь та нарын хѳхний сүү амлуулсныг мэдээгүй. Эрчүүд бид уулын бүргэд шиг ѳндѳрт дүүлэхийг хүсэвч, тэр л даль жигүүрийн ѳд болгоныг та нар урласныг хараагүй. Эрчүүд бид сархадад халамцаж барс болон архирахыг хүсэвч, хундаганы ёроолд та нарын нулимс тунаж байхыг анзаардаггүй. Эрчүүд бид ур, ухааны далай байх гэж хичээвч, урсгалын эх булаг нь та нар болохыг ухаараагүй. Эрчүүд бид уурын мунхагтаа дийлдэж тэнэгрэх мѳчид уянгат дуугаараа аргадаж тайвшруулдаг нь та нар байсныг харин сонсдог.
Эрчүүд бидний энэ амьдралдаа ууж баралгүй үлдээдэг цорын ганц амтат дарс болох бүсгүйчүүд минь ээ. Та наргүйгээр эрчүүд бидний ертѳнцѳд нар хиртэж, цэцэгс гандаж, уянгалаг хоолой сѳѳнгѳтдѳг юм даа. Та нарын хайргүйгээр эрчүүд зэрлэгшиж, та нарын халамжгүйгээр эрчүүд доройтож, та нарын гоо үзэсгэлэнгүйгээр энэ дэлхий мѳхдѳг юм даа. Та нар энэ дэлхий ертѳнц дээр эрчүүд бидний дутууг нѳхѳж, дундуурыг нь дүүргэх гэж ирсэн дагинасууд. Та нарын гоо үзэсгэлэн хатан ухаанаас тань дэлхий ертѳнц эвлэлдэн нэгдэж, та нарын атгаг санаа хар хороос тань дэлхий ертѳнц дайтан алалдаж байсан түүх буй. Та нар гайхалтай гүнж, хорон шуламс байхаас тань шалтгаалж хувь хүн тѳдийгүй энэ дэлхий ертѳнцийн хувь заяа савлаж байдаг. Та нартаа баярын мэнд хүргэх ялдамдаа та нараасаа хичээнгүйлэн гуйх гуйлт байнаа. Монголын минь “хатан заяа” болох бүсгүйчүүд ээ!
Монголын их хувь заяанд яг одоо та нарын “хатан ухаан” хэрэгтэй болж байнаа
Хоромхон жаргалын тѳлѳѳ мѳнгѳѳр ѳѳрийгѳѳ бүү арилжиж, хуураад одох богинохон хоромд ѳнгѳѳр биднийгээ бүү хуураач
Монголын залгамж угсаа, их үргэлжлэлийг хэвлийдээ тээж явдаг аугаа хувь заяагаа шуналаар бүү бохирдуулаач
Баяр болгоноор бүү уун согтуураач. Халамцуу хашгирсан дуу тань тэнгэр хилэгнүүлж, хазгай гишгэсэн алхам бүр тань хѳрстийг бохирдуулж, хэвлий дахь үр тань гомдож уурссандаа хүйг тань чангааж байна.
Хайр даагаагүй эрийг хатан ухаанаар аргадаж, халамж даагаагүй эрийг ухааны учгаар зангидаж, гагц Монголын оршихуйн тѳлѳѳ тэвчээр гаргаач.
-Монголын их хувь заяанд яг одоо та нарын “хатан ухаан” хэрэгтэй болж байнаа
-Хоромхон жаргалын тѳлѳѳ мѳнгѳѳр ѳѳрийгѳѳ бүү арилжиж, хуураад одох богинохон хоромд ѳнгѳѳр биднийгээ бүү хуураач
-Монголын залгамж угсаа, их үргэлжлэлийг хэвлийдээ тээж явдаг аугаа хувь заяагаа шуналаар бүү бохирдуулаач
-Баяр болгоноор бүү уун согтуураач. Халамцуу хашгирсан дуу тань тэнгэр хилэгнүүлж, хазгай гишгэсэн алхам бүр тань хѳрстийг бохирдуулж, хэвлий дахь үр тань гомдож уурссандаа хүйг тань чангааж байна.
-Хайр даагаагүй эрийг хатан ухаанаар аргадаж, халамж даагаагүй эрийг ухааны учгаар зангидаж, гагц Монголын оршихуйн тѳлѳѳ тэвчээр гаргаач.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах