Шуурганаар төөрөгсөд
Заримдаа анзаарах ахул Монголд минь сэтгэлгээний хийрхлийн “хар шуурга” дэгдсэн мэт. Шинэ нийгмийг социалист аргаар удирдах гэж оролдсон олон жилийн мунхаглал энэхүү сэтгэлгээний хар шуургыг дэгдээсэн юм. Аливаа мунхаглал хэмжээ хязгаартай байдаг болохоор, ѳдрѳѳс ѳдѳрт доройтсоор байгаа амьдралын түвшин, сэтгэлгээний доройтол энэ бүхнийг тэвчиж дийлэхгүй. Хэдийгээр хар бараан, бухимдалтай мэдээлэл дунд тѳѳрѳлдѳж байгаа ч олон зүйл сайн сайхнаар ѳѳрчлѳгдѳж эхэлж байгааг бид мэдэрч байна. Цаг цагийн ийм урсгал дунд аажим аажимдаа бүх зүйл ѳѳр ѳѳрийн байрандаа ордог. Энэ бүхнийг хүлээлгүйгээр бид ѳѳрсдийн сэтгэлгээгээ бага ч болов ѳѳрчилж байх хэрэгтэй байна даа.
“ХИЙРХСЭН” ТѲѲРѲГДѲЛ
Бүх зүйлийг шүүмжлэх дондоо автсан бид, хийгдэж буй ѳѳрчлѳлт бүхнээс заавал “ѳѳ” олж чаддаг. Ийм донтолтын ард Улс орны хѳгжилд санаа зовсон зовинол бус ѳчүүхэн ашиг сонирхол, бусдын анхаарлыг ѳѳртѳѳ татах гэсэн ядмагхан оролдлого, юм мэдэхгүй солиоролдоо зүгээр л хашгирсан хашгираан байх нь олонтаа. Ямар нэгэн үйлдлийн тѳлѳѳ хэн нэгнийг буруутган шийтгэхийг шаардах атлаа, хуулийн хариуцлага хүлээлгэхээр хорих үед нь гэнэт ѳмѳѳрѳѳд “хэлмэгдүүллээ” гэж орилж эхлэх нь энэ асуудлын талаар бодит мэдээлэлгүй, ѳѳрийн дүгнэлт үгүй, сэтгэл хѳдлѳлѳѳр хандаж байгаагийн илрэл. Хэрэв нийт масс иймэрхүү хийрхэлд автаж эхэлбэл, хэрэв түүнд нь “шударга бус” шүүх таацуулж шийдвэр гаргах гэж оролдвол жинхэнэ хэлмэгдүүлэлт үүснэ. Ийм хэлмэгдүүлэлт хэзээ нэгэн цагт ѳѳр дээр тань ирэх л болно, түүх үүнийг нотолсон. Аливаа хийрхэлд авталгүй, ѳѳрийн боломжоороо асуудалд бодитой хандаж сурах хэрэгтэй болж байна. Түүний тулд их уншиж, ѳѳрийгѳѳ боловсруулахаас ѳѳр сонголт үгүй.
“ШУНАЛТ” ТѲѲРѲГДѲЛ
Бидний хэт улстѳржаад байгаагийн нэгэн шалтгаан нь, Монголын Тѳр баян хүмүүсийн хѳрѳнгийг хурааж аваад ѳѳрсдѳд нь тараах, уул уурхайн баялгийг олборлогч эздээс нь булааж аваад бүгдээрээ хувааж идэх хүсэлт шаардлагад оршиж байгаа юм шүү дээ. Бидний ѳѳрсдѳѳ ажил хийхгүйгээр их мѳнгѳтэй болж баян амьдрах мунхаг хүсэл тачаалын илрэл. Улс ѳѳрийн “ѳмчтэй”, ѳѳрийн мэдлийн компанитай байх нь улстѳрчдийн хувьд “мѳнгѳ хийж” баяжих үндсэн арга нь болсон Монголын нийгэмд иргэд нь ингэж л хүсэцгээж байна. Бид хамгийн чухал зүйл болох ѳѳрсдѳѳ хѳдѳлмѳрлѳж байж “баялаг бүтээн”, түүнийхээ үр ашгаар сайхан амьдрах ёстой гэдэг амьдралын “Үндсэн хууль”- ийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Энэ л монголчууд бидний хувьд хамгийн аймшигтай тѳѳрѳгдѳл. Уг нь байна шүү дээ, Тѳр нь олон тѳрлийн татварыг зѳв хуваарилан, ард иргэдийнхээ амар амгалан, шударгаар ажиллаж амьдрах баталгааг хангаж, иргэд нь ѳѳрсдѳѳ хуулийн хүрээнд шударгаар ажиллаж амьдарч, ѳѳрийгѳѳ хѳгжүүлж байж “Эрүүл нийгэм” бүрэлдэн орших учиртай юм шүү дээ.
“МУНХАГЛАЛ”-ЫН ТѲѲРѲГДѲЛ
Мѳнгѳнд хэт улайрсан бид ч, бас бидний Тѳр ч ирээдүй үеийнхнийхээ боловсролд анхаарахгүй байнаа. “Хуаран”-гийн дэглэмтэй Монголын боловсролын тогтолцоог ѳѳрчилж, “Хүүхдийг зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэх” зорилготой “Суурь боловсрол”- ыг бий болгон хѳгжүүлэх талаар дуугарахгүй, санаа тавихгүй байна. Нийгмийн халамж үгүй, ѳчүүхэн бага цалинтай, мэдлэг чадвараараа сурагчиддаа гологдож байгаа багш нар, загварчлагдсан хуучин арга барилаар хичээлээ зааж, дүнгийн хэмжигдэхүүнээр үр дүнгээ тооцдог хуучирсан систем, анги дүүргэлт нь “хуаран” шиг болсноос хүүхдийг хүүхдээр нь “дарамтлуулдаг” бүтэц Монголын боловсролыг “мѳхѳѳж” байна. Академик боловсрол бидэнд үр шимээ ѳгсѳн хэдий ч бид “Хүүхдийг зѳв бие болгон тѳлѳвшүүлэх” зорилготой боломж дээрээ л алдаад байгаа юм. Бидэнд Монголын зѳв нийгэмд зѳв амьдарч чадах сайн залуус хэрэгтэй болохоос биеийн амрыг харж, баар цэнгээний газраар зугаацаж, худлаа “бүлтэрч” суудаг залуус хэрэггүй. Хэрэв ѳѳрчилж чадахгүй бол аажим аажимдаа бид ѳѳрсдѳѳ л мѳхнѳ.
“ЖАЛГA”-ЫН ТѲѲРѲГДѲЛ
Дэлхий даяарчлагдаж, мэдээллийн технологи асар хурдацтай хѳгжиж, хѳгжлийн чиг хандлага цоо шинэ технологи руу хѳрвѳж байгаа ѳнѳѳ үед монголчууд бид “жалгa”-ын үзлээсээ салдаггүй ээ. “Нутгийн уул усаа баярлуулдаг” хэмээн бѳхчүүд, дуучдаа эрдэмтэн мэргэдээсээ дээрд тооцдог нутгийн үзэлтнүүд нь “Хужаагийн аюул”, “Оросын аюул” гэдэг хийрхлээр бие биенээ айлган дарамталж сууна. Бидний бие биенээ айлган дарамтлах хэрэглүүр болсон мѳнѳѳх “Хужаа” нар нь эдийн засгийн хѳгжлѳѳрѳѳ дэлхийд тэргүүлж, шинэ техник технологийг хурдацтай нэвтрүүлж, дэлхийд алдартай Стэнфорд, Харвард, МИТ, Оксфорд зэрэг сургуулиудад үй олон залуусыг ЗГ ын тэтгэлгээр сурган, ирээдүйд оюуны хѳгжлийг дэлхийд түүчээлэхээр бодлогоо зангидаж байгааг огт ярихгүй байна. Дэлхий дахинаараа хѳгжлийн тѳлѳѳх Хятадын бодлогыг анхааралтай ажиглаж байхад, монголчууд бид ямар царигтай тѳмѳр замаар “Хятадын танк” орж ирэх тухай, Монголыг эзэлж буй “Хятадын аюул”- ын талаар цуурхаж сууна. Бид ѳѳрсдѳѳ нүүж зугатаж чадахгүй, бас боломжгүйгээс хойш мѳнхийн мѳнхѳд зэрэгцэн орших хоёр хѳршүүдийн сайн зүйлээс нь суралцаж, муу зүйлээс нь сэргийлж оршихоос ѳѳр сонголт үгүй. Монголчууд бидний хувьд энэ хѳршүүд сайн боломжууд ч байж магадгүй. Хийрхлээс илүүтэй ухаалаг “Тѳрийн бодлого” хэрэгтэй байна.
“ХОРСОЛТ” ТѲѲРѲГДѲЛ
Бие биенээ эрдэм мэдлэг, ухаанаар нь бус ѳмссѳн зүүснээр нь ялгаж харьцдаг болсноороо монголчууд бид нар бие биенээ хайрлаж хүндлэн сонсохгүй болжээ. Материаллаг шунал тачаал хүмүүсийн бие биенээ гэх сэтгэлийг холдуулдаг. Бид аливаа зүйлийн гадна тѳрхѳд ач холбогдол ѳгдѳг болсноос болоод сэтгэл рүү нь ѳнгийхѳѳ больчихож. Бид бие бие рүүгээ хараад инээмсэглэхийн оронд хялайж хардаг болчихож, бид бие биедээ санаа тавихын оронд яаж ийгээд “мѳнгѳ салгах”-ыг л хичээдэг болчихож, бид бие биедээ итгэхийн оронд үзэн ядацгаадаг болчихож. Бид ийм үйлдлийнхээ бурууг “Тѳр” рүү чихдэг боловч яг үнэндээ бид ѳѳрсдѳѳ л буруутай. Хүмүүсийн харилцааг “Тѳр” хуулийн хурээнд зохицуулдаг боловч, хүн чанарынхаа хувьд бид бусад харилцааг ѳѳрсдѳѳ зохицуулдаг. Гадаадад ирээд ч монголчууд бид “гоёх”- ыг чухалчилахаас бус, “ухаарах”-ыг хусэхгүй байна. Тийм болохоор бид огт эрээлэхгүйгээр хогоо хаа саагүй хаяж байна, огт ичихгүйгээр ил задгай газар бие засаж байна, огт санаа зовохгүйгээр архидаж согтууран, орилж хашгирцгааж байна. Бид л бие биенээ ойлгож хүндлэхгүй юм бол хэн биднийг хайрлаж хүндэлнэ гэж? Үүнийг та биднээс ѳѳр хэн ч шийдэж ѳѳрчлѳхгүй.
…Хар бараан мэдээлэл дунд бид бухимдаж тѳѳрѳлддѳг боловч, олон зүйлс сайнаар ѳѳрчлѳгдѳж сайн эхлэлүүд бий болж байгааг мэдрэхдээ би лав баяртай байдаг. Социализмын “үзэл суртал”-д хордоогүй, мэдээ орсон цагаасаа интернэтийн тусаар хязгааргүй мэдээлэл авч сурсан, ѳѳрийгѳѳ “дэлхийн хэмжээний хүн” гэж сэтгэдэг, бага зэрэг “бие тоосон” боловч ѳѳртѳѳ итгэлтэй “Шинэ үеийн” монгол залуус нэгдэцгээж байна. Тэд Монголыг сайнаар ѳѳрчилнѳ. Бид ѳѳрсдийгѳѳ зѳв сайнаар ѳѳрчилж байж, тэдэнд туслах болно. Зүгээр л хийрхэж, солиорч байхаар олон зүйлийг ѳѳр ѳнцгѳѳс нь харж бас эрүүл саруулаар харьцуулан дүгнэж сурах сан.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах