Ичимхий зангаасаа яаж салах вэ?
Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак нийтлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно. Энэ удаа та бүхэнд блогч Ука Төмөрийн өөрийн цахим сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Миний мэдэхийн их олон хүн өөрийгөө ичимхий гэж боддог. Ичимхий хүмүүс их олон боломжийг алддаг гэж боддог.
Ичимхий хүн олны дунд орохоороо сандраад, биеэ бариад, сайн тунгаан бодож чадахаан больдог, хэлэх гэсэн үгээ хэлж чаддаггүй, чөлөөтэй ярьж, бодол санаагаа хуваалцаж чаддаггүй, өөрийгөө сайн илэрхийлж, бусдад ойлгуулж чаддаггүй. Хамаг анхаарал нь бусад намайг юу гэж бодож байгаа бол гэдэг дээр төвлөрдөг. Тэгээд “хэрвээ би нүүрэмгий байсан бол тэгэх байсан, ингэх байсан, даан ч…” гэдэг бодлоосоо болоод их олон юмны ард хоцордог гэж болно.
Та өөрийгөө ичимхий гэж боддог уу? Хэрвээ тийм бол та ганцаараа биш ээ!
Ичимхий занг устгаж болох уу? – Болно. Яаж?
Ичимхий гэж юу вэ? Ичимхий бол айдас мөн. Айдас биднийг ичимхий болгодог.
Хүн тархиндаа янз бүрийн зураг хардаг. Жишээлбэл, байшин гэвэл ерөнхийд нь нэг зураг харна. Хуучин байшин гэвэл өөр нэг зураг харна. Өндөр байшин гэвэл бас нэг өөр байшингийн зураг харна. Яг үүний адил өөрийнхөө дүр төрх, зургийг олон янзаар харж болно. Жишээлбэл, ерөнхийд нь гаднаас харах зураг, ажлаа хийж байхдаа, гэр бүлтэйгээ байхдаа, бусадтай харьцаж байхдаа, сургууль дээрээ байхдаа ямар байдаг, ганцаараа байхдаа ямар байдаг, амжилттай байгаа зураг, амжилтгүй байгаа зураг гэх мэт олон янзын зургийг харж болно.
Хэрвээ та өөрийгөө ичимхий хүн гэж байгаа бол таны өөрийгөө харж байгаа зураг магадгүй хязгаарлагдмал, сөрөг байж болох юм. Олны дунд байгаа зураг, өөрийгөө амжилтанд хүрсэн байгааг харах зураг хязгаарлагдмал байж болно, найз нөхөд, үерхэл нөхөрлөлийн хувьд мөн ялгаагүй хязгаарлагдмал байж болох юм.
Ичимхий хүмүүс олон нийтийн дунд байхдаа ихэвчлэн бусад хүн өөрийг нь хараад, өөрийнх нь тухай яриад, шоолоод, шүүмжлээд, муулаад байгаагаар өөрийгөө төсөөлдөг. Тэгээд энэ төсөөлөл нь өөрийг нь бүүр ичээж, олон нийтийн дунд орохоос, олны өмнө гарахаас тусгаарладаг. Тэгээд олны өмнө би гарч чаддагүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, ярих юм олддоггүй, би ичимхий гэдэг бодолтой болдог. Тэр бодлоосоо болоод өөрийгөө “би ганцаардмал хүн” гэж ч бас нэрлэдэг.
Товчхон хэлэхэд тархиндаа харж байгаа өөрийнх нь дүр төрх хангалтгүй байдаг. Тодруулбал өөрийгөө ичимхий, чаддаггүй, мэддэггүй, сул дорой гэх мэт өөрийгөө бусдаас доогуур тавьсан нүдээр хардаг. Хичнээн том зорилго урьдаа тавьсан ч энэ тархиндаа харсан дүр төрх нь саад болдог.
Тэгвэл би өнөөдөр ичимхий зангаасаа яаж салах вэ тухай оруулж байна.
Ичимхий зангаасаа яаж салах вэ?
Хамгийн түрүүнд ичимхий зангийн эсрэг занг олж тодорхойлох нь чухал. Үүний тулд “би ичимхий хүн, ичимхийгээсээ болоод ингэсэн, тэгсэн” гэх мэт ичимхийтэй холбоотой бүх бодол болон ичимхий гэдэг үгийг орхих хэрэгтэй. Ичимхий гэдэг үгийг хэр их хэрэглэнэ тэр хэмжээгээрээ “би ичимхий” гэдгийг өөртөө сануулж, би ичимхий гэдгээ улам баталгаажуулна гэсэн үг.
Түүний оронд та ямар хүн байхыг хүсч байна тийш нь анхаарлаа шилжүүлнэ. Эсвэл өөрийгөө ямар хүн байгаасай гэж дүрслэмээр байна тэр үгнүүд рүү анхаарлаа шилжүүлэх нь зүйтэй.
Үүний тулд дараах 4 алхмыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Хэрвээ та үнэхээр өөртэйгээ сайн ажиллаж дараах 4 алхмыг хэрэгжүүлж чадвал ичимхий зангаа орхиж чадна. Тиймээс дараах алхмуудыг заавал хийгээрэй. Цаг зав гаргаж өөртэйгээ ажиллахгүй бол ичимхий зангаа хэзээ ч орхиж чадахгүй, түүнээсээ болоод олон боломжийг алдах болно гэдгийг дахин дахин сануулмаар байна. За тэгвэл энэ 4 алхам юу вэ?
Ичимхий зангаасаа яаж салах вэ?
Өөрийгөө ямар дүр төрхтэй байгаасай гэж хүсч байна вэ. Тэр дүр төрхийг жагсааж бичнэ үү.
– Би нүүрэмгий
– Хүмүүс надтай байх дуртай
– Хүмүүс надтай харьцах дуртай
– Би бусадтай чөлөөтэй харьцаж чаддаг
– Би өөөрийгөө бусдад илэрхийлж чаддаг
– Би бусдад өөрийгөө ойлгуулж чаддаг
– Олны дунд орохоороо би маш тайван байж чаддаг
– Зорилгодоо хүрэх зан чанарууд надад бий гэх мэт
Жагсааж бичсэнийгээ өгүүлбэрт оруулж, толинд харж байгаад өөртөө чанга унших. Жишээлбэл, “Би олны дунд орохоороо маш тайван байж, хэлэх гэснээ хэлж, ярих гэснээ ярьж чаддаг. Би маш нүүрэмгий хүн. Зорилгодоо хүрэх олон сайхан зан чанарууд надад би. Би өөртөө сэтгэл хангауун байна. Хүмүүс намайг хүрээлж, надтай харьцах дуртай байдаг. Би өөрийнхөө төлөө зоригтой зогсож чаддаг” гэх мэт.
Бичсэн жагсаалтаасаа хамгийн чухал гэж үзэж байгаа гурвыг сонгож, түүнийгээ өдөр болгон 15 удаа бичих.
Жагсаалтаа өдрийн турш өөртөө сануулах. Өөртөө ойрхон ойрхон сануулахаа мартана гэж бодож байгаа бол утсан дээрээ цагт 2-4 удаа дуугарахаар сэрүүлэг урьдчилаад тавьчих. Тэгээд утас дуугарах тоолонд, ажил сргууль дээрээ байгаа бол утсаа бэржигнэдэг дээр нь тавиад бэржигнэх болгонд нь “би яг одоо өөртөө итгэлтэй, нүүрэмгий, өөрийнхөө байхыг хүсч байгаа тэр дүр төрхөндөө байж чадаж байна уу” гэдгийг өөрөөсөө асуугаарай. Хэрвээ үгүй бол тэр дүр төрхөндөө тэр дороо ороорой. Мэдээж эхлээд хэцүү байна. Бас өөрөө тийм биш байж тийм байна гэдэг амаргүй. Миний хувьд бол бүүр панийлтай санагддаг байсан. Гэв гэнэт учиргүй ийм дүр төрхөнд орвол хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовдог байсан. Гэхдээ ингэж байж л дүр төрхөө өөрчилнө шүү дээ. Өөрөөр өөрчлөх арга байхгүй. Хүмүүс тэгж бодвол бодно л биз. Ямар хамаа байнаа. Тэглээ гээд тэр хүмүүс танд хүсээд байгаа боломжийг өгөхгүй. Та өөрийгөө өөрчилж байж, тэр боломжийг өөртөө өгнө. Тийм болохоор зоригтой байгаарай. Энэ тохиолдолд бусдыг март. Бусад юу бодож байгаа нь таны бодол санаа, үйлдэлд саад болохыг бүү зөвшөөр. Үгүй бол ичимхий, бүрэг, дуугай чигээрээ насан туршдаа үлдэнэ. Та үүнийг хүсэхгүй.
Тиймээс яг одоо тархиндаа харж байгаа өөрийнхөө зургийг өөрчлөх шийдвэрээ гаргаарай. Хэрвээ шийдвэрээ гаргасан бол дээрх аргуудыг шууд хэрэглэж эхлээрэй.
Хэрэглэж эхэлснээр та ичимхий зангаа орхино, эргэлзээгээ устгана, санаа зовохоо болино, өөрийгөө зовоогоод байгаа бүх л сөрөг мэдрэмжээ устгаж эхэлнэ. Гарах үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: ukatumur.com/blog/