35 настай тэтгэврийн хөгшин
Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак нийтлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно. Энэ удаа та бүхэнд "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн өөрийн цахим сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Дөнгөж 30 насны босгыг давж 40 нас шүргэж байгаа хирнээ аль хэдийн тэтгэврийн хөгшин шиг сэтгэдэг захирлууд тэнгэрийн одноос ч олон болжээ. АМЬДРАЛ-АМЖИЛТ-БҮТЭЭЛ нь түүний урд нь биш, харин аль хэдийн урсан одсон мэт өнгөрсөн цаг хугацаанд гацчихсан хүмүүсийг хэлж буй хэрэг л дээ.
Тэднийг физиологийн талаас нь харвал залуу хүн хэдий ч тархин дотроо аль хэдийн хөгширчихсөн байдаг гэсэн үг. Ийм хүмүүс өнгөрсөн үеийг магтаж, тэртээ нэгэн цагт гялалзаж явсан алтан үеийнхээ талаар зөвхөн дурсамж л ярьдаг.
Түүнээс биш 10 жилийн дараа хүрэх оргилын тухай хэзээ ч ярихгүй. Төсөөлөх ч үгүй. Тийм хүн танай компанийн ажилтнуудыг оргил (вижн) өөд хэзээ ч дагуулж явахгүй. Аваачихгүй. Өвгөн партизан уулын хормойд суучихаад дурсамжаа уудлан, өмнө нь энэ компанид оруулсан түүний хувь нэмрийг хэн ч үнэлэхгүй байгаад гомдоллож суух бөгөөд тэд л 20 гаруй настай залуусыг балладаг.
Ийм захирлуудыг танихад маш амархан. “Хамгийн сүүлд хэзээ менежментийн ном уншсан бэ?” гэж асуухад “их сургуульд байхдаа л” гэж хариулах нь хэвийн үзэгдэл. Энэ бол төөрчихсөн яваа, сурч хөгжих эрмэлзэлгүй байгаагийнх нь нотолгоо юм. Үнэндээ ч тэтгэврийн хөгшин сураад ч яах юм билээ. Захирал хүний хийдэг үндсэн ажил нь менежмент биз дээ. Гэтэл сургуульд сурч байсан үеэсээ хойш дахин нэг ч менежментийн ном сөхөж хараагүй гэхээр түүний толгойд ямар салхи сэвэлзэж байгаа нь хэтэрхий ойлгомжтой юм.
Захирлын ажлаа юу гэж боддог вэ гэдгийг нь тодруулахад, би өмнө нь их сайн ажилтан байсан, байгууллагадаа өндөр хувь нэмэр оруулсан учраас шагналд нь захирал хийж байгаа мэтээр сэтгэж байгаа нь нийтлэг ажиглагддаг. Өөрөөр хэлбэл 25, 28 настайдаа хийсэн сайн ажлынхаа шагналд өнөөдөр захирлын алба хашаад явж байна гэсэн үг.
Захирлын алба бол шагнал биш гэдэг нь ойлгомжтой.
Хэрэв бизнесмэн та хэлтсийн захирал, газрын захирал хайж байгаа бол гоёмсог боловч хоосон сивид (CV) хууртав даа. Хамгийн гол нь тархин дотроо, сэтгэхүйгээрээ залуу хүнийг л захирал болгож үзээрэй. Маш их туршлагатай гэж харуулах цаасан дээрх замнал бол өнгөрсөн үе шүү. Кандидат ирээдүйд өөрийгөө хэн байх болно гэж харж байна вэ? 35 настай тэтгэврийн хөгшин танай компанид хэрэггүй.
Мөн одоо байгаа захирлуудаа сорьж үзэх хэрэгтэй. Маш их туршлагатай, өмнө нь мундаг ажиллаж байсан ч сүүлийн үед бухимдал төрүүлж байгаа захирлууд танай компанид байна уу? Магадгүй тэр хүн тархиндаа тэтгэвэртээ суучихсан байж ч мэдэх юм. Шалгаж үзэх цаг нь одоо ч юм бил үү?
Эх сурвалж: ganzo.mn