"Samsung" компани "Apple"-д 539 сая ам.доллар төлөхөөр болов
АНУ-ын дээд шүүх патентлагдсан "iPhone"-ийн функцийг хуулбарласан гэж үзсэн тул "Samsung" компанийг "Apple"-д 539 сая ам.долларын нөхөн олговор өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.
"Apple" компани "Samsung"-ийг өөрсдийн бүтээгдэхүүнийг хуулбарласан гэдэг үндэслэлээр 2011 онд шүүхэд өгсөн нь эдүгээ олон жил үргэлжилсэн шүүх хурлын эхлэл болжээ. 2012 онд хоёр компани анхны шийдэлдээ хүрч "Samsung" 399 сая ам.доллар төлөхийг зөвшөөрсөн боловч АНУ-ын Дээд шүүх доод шатны шүүхэд хандаж мөнгөн хэмжээг дахин хянахыг шаардсан юм.
Хамгийн сүүлийн шүүх хурал саяхан болж, тангарагтны шүүгч нар долоо хоногийн турш хуралдсаны эцэст "Samsung" дахин 140 сая ам.долларын нэмэлт төлбөр буюу нийт 539 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
"Apple" компанийн төлөөлөгчид "Samsung"-ийнхан бидний бүтээгдэхүүнийг хуулбарласан нь тогтоогдсон учраас илүү мөнгө авах нь зөв" гэж "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
"Samsung" энэ шийдвэрийг давж заалдах эсэх нь хараахан тодорхой болоогүй байна. "Өнөөдөр АНУ-ын Дээд шүүх "Samsung"-ийг дэмжихгүй байгаа нь ил боллоо. Гэхдээ манай компанийн бүтээлч сэтгэлгээ, шударга өрсөлдөөнийг хүндэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна" гэж "Samsung"-ийн төлөөлөгч мэдэгджээ.