Үхэл ба цаг хугацаа
Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак нийтлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно. Энэ удаа та бүхэнд "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн өөрийн цахим сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Цаг хугацааны үнэ цэнийг алттай зүйрлэдэг. Тэгвэл менежер хүний амжилт энэхүү алтаар хэмжигддэг. Гэтэл олон хүн мөнгө эсвэл өсөлтөөр хэмжигддэг гэж эндүүрдэг байна. Бид өөрсдийн амжилтаа “Жилд ХХХХ төгрөгийн ашигтай”, “Улиралд ХХХХ хувийн өсөлттэй” ажиллалаа гэх мэтээр тухайн цаг хугацаанд үзүүлсэн санхүүгийн үзүүлэлтээрээ дүгнэдэг. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаа нь бизнесийн амжилтын гол хэмжүүр юм.
Хэдийгээр бизнесийн үндсэн гол нөөцийг хүн, мөнгө, технологи гэж орчин үед үздэг ч бид цаг хугацаа хэмээх суурь нөөцийг яасан ч орхигдуулж болохгүй.
Учир нь хүн, мөнгө, технологийг бид хаанаас ч олж болно. Харин цаг хугацаа хэзээ ч нөхөгддөггүй. Сайн хүмүүс ажлаасаа гарсан ч бид илүү чадвартайг нь сонгож болно. Технологи хоцрогдлоо гэхэд бид шинэ технологи гаргачихаж чадна. Харин хэн ч хэзээ ч цаг хугацааг эргүүлж авчирч чадахгүй.
Учир нь цаг хугацаа хүн бүрт заагтай оногдсон байдаг. Гэтэл үүрд амьдарч, ажиллах мэт аяглах менежер, бизнесмэнүүд маш олон. Бизнес эрхэлнэ, менежмент хэрэгжүүлнэ, захирал болно гэдэг нь тэр чигтээ психологийн асуудал юм. Сэтгэл зүйн бэлтгэлгүй, хүмүүсийн сэтгэл зүйг таньж, удирдаж чаддаггүй хүнд энэ ажил огтхон ч тохирохгүй.
Тийм ч учраас би танд менежментийн ухааныг психологи, философийн үүднээс авч үзэхийг санал болгож байна. Сүүлийн үед сэтгэл зүйчид компанийн захирлуудыг долоо хоногт ядаж нэг удаа үхлийн тухай бодохыг зөвлөж байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Хэрэв үхлийн тухай огтхон ч боддоггүй, цаг хугацаа хэрхэн хурдан урсан өнгөрдгийг мэддэггүй хүнээр захирал хийлгэвэл тэр компанийн хувь заяа хэрхэх нь ойлгомжтой.
Үхлийн тухай бодох нь хязгаарлагдмал цаг хугацааг хэрхэн зөв ашиглаж, хэрхэн яаж хамгийн өндөр бүтээмжийг үзүүлэх вэ гэсэн натурал асуултад хүргэдэг.
Цаг хугацааны үнэ цэнийг анзаардаггүй гэсэн ойлголттой зэрэгцэн танд хөдөлж ядсан удаан, хүнд сурталд нэрвэгдсэн менежер төсөөлөгдөж байгаа байх. Эсвэл бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй гэсэн сөрөг талаас нь хардаг захирал тань санагдаж болох юм. (Хэрэв одоо л зүтгээд болгож, бүтээхгүй бол цаг хугацаа таны хувьд хязгаартай тул мөдхөн дуусна.) Мөн эрүүл мэндээ огт анхаардаггүй, маргааш болохгүй мэт биеэ тарамдуулдаг хүмүүс санаанд чинь орж байгаа байх.
Тиймээс компанийн захирлаар 250 жил ажиллаж амьдрах юм шиг ааш аягтай хүнийг томилж хэрхэвч болохгүй. Хамгийн чухал нь ажилтнуудынхаа сэтгэл зүйг ч гэсэн цаг хугацааг маш соргог мэдэрдэг болгох, нүд ирмэхийн зуур урсан өнгөрч, дуусдаг баялаг гэдгийг ухамсарладаг болгох хэрэгтэй.
Үүний тулд эхлээд та өөрөө долоо хоногт ядаж нэг удаа үхлийн тухай бодоод үз. Хэзээ, яаж үхэх, нас барсан хойно тань гэр бүл, хамт олон тань ямархуу байдалтай байх бол, өөрийг тань хүмүүс юу хийж бүтээсэн гэж дурсах бол гэж бодох хэрэгтэй юм. Энэ нь таны ажлын бүтээмж, хандлагад тань өөрчлөлт авчирч, зохих үр дүнгээ өгч эхэлбэл өөрийн гэсэн арга барил, технологио ажилтнуудтайгаа хуваалцаж энэ дасгалыг хийлгэж болно.
Эх сурвалж: ganzo.mn