Буруу шиг зөв...
Уйлах эрхгүй нууцхан орших
Унаган хайр гэж байхын адил
Ухаараад ирэхээр зүрхэнд хоногших
Буруу шиг зөв гэж бас байна аа байна
Мэдэмхийн дунд ичимхий царайлж
Идэмхийн дунд цатгалан царайлж
Дарганцрын дэргэд чавганцар царайлж
Дайсанцрын дэргэд явганцар царайлах нь
Өрөөлийн нүдээр буруу юм шиг ч
Үнэмлэхүй утгаараа зөв юм шиг ээ
Буруутны дунд өнчирч ганцаардаж
Бусдын төлөө гарзандаа гарч
Буруу шиг зөвийг биеэрээ эдэлж
Зүүдэндээ манаж зүрхэндээ хадах нь
Өрөөлийн бодлоор буруу юм шиг ч
Үнэн чанартаа зөв юм шиг ээ
Ууртай уцаартай ухаан мулгуу дарганцрын
Урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг
Ухас ухасхийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байваас
Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад
Боссын аманд орох шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл
Танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт
Улам л бөхөлзөж зарц мэт үйлчлэх нь
Уг чанартаа зөв юм шиг ээ
Дуугүй гүтгүүлэх тусам дов шиг ногоорч
Дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагдаж
Уураар утуулах тусам зүрх чангарч
Үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг
Өргөөд дөхүүлэх тусам борви тэгшрэх
Буруу шиг зөвөөс эмзэглэх хэрэггүй
Харин эрэлхийлэхэд гэмгүй
Сайн талыг нь сайрхах тусам урамшдаг
Саарыг нь өршөөх тусам ухаардаг
Өрөөлийг хайрлах тусам ерөөгддөг
Өөрийгөө золих тусам ивээгддэг
Бурууг үүрэх тусам тайтгардаг
Буяныг цацах тусам асгардаг
Буруу шиг зөвөөс халшрах хэрэггүй
Харин хайхад гэмгүй
Буруу хараад өндийж суниаваас
Булчин зангирч өөх нимгэрэх шиг
Буруу шиг зөвийг ухаарч амьдарваас
Буян арвижиж нүгэл нимгэрнэ
Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт