Г.Ганбат: Өнөө үед тооцоолох ухааны салбарт “хурд”-ыг ашиглах өрсөлдөөн бий болжээ
Хүн төрөлхтний хөгжлийн явцад аль нэг салбарт “хурд”-ыг хэн илүү ашиглаж чадсан нь манлайлагчаар тодорсон байдаг. Өнөө үед тооцоолох ухааны салбарт “хурд”-ыг ашиглах өрсөлдөөн бий болжээ.
Мурын хууль шавхагдах тийшээ хандсан өнөөгийн нөхцөлд эрдэмтэд зарим нэг онолыг судалж хөгжүүлэх болсон. Квантын тооцооллын онолын судалгаанаас гадна Биологийн тооцооллын онол эрчимтэй хөгжиж байна. 1994 онд Лёонард М.Адлэмэн гэж эрдэмтэн O(2^n) (exponential) тооцооллын хүндрэлтэй Хамилтоны замын бодлогыг боломжит O(m*n) хугацаанд шийдэх аргыг тодорхойлж түүнийгээ лабораторийн орчинд (хуруу шилэнд) ДНК-ийн молекулууд дээр амжилттай туршчихсан. Бодлого ердөө л нэг секундын дотор шийдэгдсэн бөгөөд харин хариугаа олж авахын тулд хэд хоног цөөн тооны физикийн туршилт хийсэн байдаг (Computing with DNA. Leonard M.Adleman).
Үүнээс хойш энэ чиглэлийн судалгаанууд эрчимтэй явагдаж хүний тархи (membrane computing), ДНК чиглэлүүдээр онолын арга техникүүд ч тодорхойлогдож эхэлсэн байна. Эрдэмтэд нэг эст амьтны үржлийн явц дахь урвалаас санаа авч Guided Recombination System, Accepting Intramolecular Recombination зэрэг тооцоолох төхөөрөмжийг онолын түвшинд тодорхойлсон байна. Эдгээр тооцоолох төхөөрөмжүүд нь электрон компьютерийн адил маш хялбар үйлдлүүдтэй. Ердөө л устгах буюу нэг хэсэг молекулыг тасалж гогцоо болгон салгах, оруулах буюу гогцоо хэлбэрийн молекулыг оруулж ирэх эсвэл молекулын тодорхой хэсгийн байрлалыг шилжүүлэх үйлдлүүдтэй.
Lila Kari нар нь 2008 онд дээрх төхөөрөмж Тьюрингийн машинтай эквивалент гэдгийг баталсан байна. Түүний дараа монгол эрдэмтэн И.Цэрэн-Онолт нар нь тооцооллын хүндрэлтэй SAT бодлогыг онолын түвшинд O(m*n) шийдэх боломжийг баталсан байна.
Монгол хэл дээрх материал гэвэл И.Цэрэн-Онолт докторын бичсэн товч, хялбар өгүүлэл “Мэдээлэл, холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг -2016” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн байсан.
Миний хувьд багш нартайгаа хамтарч Хамилтоны замын бодлогыг Guided Recombination System-ээр O (m^3) хугацаанд шийдсэн өгүүллийг MMT-2018 эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн билээ. Удахгүй архивт нь орчих байх.
Энэ чиглэлээр судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлж байгаа "Able" компанийн хамт олондоо талархал илэрхийлж байна.