Бичгийн хэвээр нь шинжихүй...
Графологийн шинжлэх ухаан нь бие хүний өвөрмөц шинжийг түүний бичгийн хэвээр дамжуулан илрүүлж, үүнийгээ тодорхой үсэг болон мөрийн бичиглэлд тусгагдсан байдалд үндэслэдэг юм. Тэгвэл сэтгэл зүйч Илья Щеголев хүний бичгийн хэв нь тухайн хүний зан чанарыг хэрхэн илтгэдгийг дараах байдлаар тайлбарлажээ.
Бичгийн даралт
Хүчтэй даралттай бичиг
Бичих үедээ хүчтэй дарж бичсэнээр цаасан дээр бүдүүн зураас гарна. Ингэж бичдэг хүмүүс нь их эрч хүчтэй байдаг ба ихэвчлэн спортоор хичээллэдэг, ялангуяа бөх, хүндийн өргөлтийн тамирчид байх нь их. Энэ хэв шинжийн хүмүүс ичимтгий байх нь ховор ба материаллаг баялагт дурлах хандлагатай байдаг аж.
Сул даралттай бичиг
Сул дарж бичдэг хүмүүсийн үсгийн зураасууд сүлжилдсэн утсыг санагдуулам харагддаг байна. Энэ нь тухайн хүний мэдрэмтгий шинжийг харуулдаг ба ийм хүний үзэлд эргэн тойрны хүмүүсийнх нь санаа бодол чухал нөлөөтэй байдаг аж. Мөн эдгээр хүмүүс нь нөхцөл байдлыг шүүмжлэлтэй үнэлэх чадвартай ба сайн сонголттой, ертөнцийн хийсвэрлэлд чадварлаг байдаг байна.
Харин зарим хүмүүсийн бичгийн хэв нэгэн жигд даралттай биш байдаг ба энэ тохиолдолд бичгийн хэвний бусад шинж тэмдгүүдтэй харьцуулан дүгнэдэг байна. Тухайлбал,
Хүчтэй, сул даралт
Энэхүү холимог бичиг нь юун түрүүнд тухайн хүний эрс огцом араншинтай, мэдрэмтгий шинжийг илтгэдэг байна. Мөн ийм бичгийн хэв нь ихэвчлэн гарын үсэг зурахад ажиглагддаг ба уг хүн нь өөрөө маш мэдрэмтгий боловч орчин тойрныхоо хүмүүст хатуу чанга харагдахыг хүсэж буйг илтгэдэг аж.
Сул даралт, тэнцвэртэй жигд мөрүүд
Энэ нь оюун ухааны сахилга баттай шинж, шинэ санаа боловсруулах чадвар, нөхцөл байдлыг нарийн мэдрэх чадварыг гэрчилдэг байна.
Сул даралт, дугуй хэлбэртэй үсгүүд
Сул дарж бичихийн дээр, үсгүүддээ хурц өнцөг гаргалгүй дугуйруулан бичдэг хүмүүс нь юуны өмнө амиа боддоггүй, хүмүүст туслахыг эрмэлздэг, хүнлэг харьцааг юунаас ч илүү үнэлдэг хүмүүс байдаг аж.
Сул даралт, тэнцвэртэй бус мөрүүд, гаргагдахгүй бичиг
Энэ нь тухайн хүний санаачилга муутай, зориг дутмаг байдлыг илтгэдэг ба ийм хүмүүс нь эелдэг харьцаатай, өөрт чиглэсэн шүүмжлэлд эмзэг ханддаг байна.
Мөр ба үсгийн налуу
Шулуун мөр
Шугамгүй цаасан дээр шулуун зурсан мэт жигд мөрөөр бичдэг хүмүүс нь төлөв томоотой, өөрийгөө удирддаг, дотоод эрч хүчний хангалттай нөөцтэй, ажлаа дуустал хийх чадвартай байдаг аж.
Долгиолсон мөрүүд
Шугамгүй цаасан дээр бичихдээ жигд, шулуун бус дээш доош болсон, долгиолсон байдалтай бичдэг хүмүүс байдаг. Энэ нь уг хүний хөдөлгөөний эв дүйтэй, уян хатан сэтгэдэг, бэрхшээлээс зайлан гарах, ажил хэргийг эвтэй, ёс зүйтэйгээр зохицуулах чадвартай болохыг харуулдаг байна.
Налуу бичиг
Хэт налуу биш, 45-50 градус хүртэл налуу бичдэг хүмүүс нь дулаан, найрсаг харьцаатай, өөрийн мэдрэмжийг нээлттэй илэрхийлдэг ч бас түүнийгээ хянаж чаддаг, хүмүүстэй амархан зохицдог онцлогтой байдаг гэнэ. Хэрвээ тэд дурлавал өөрийн мэдрэмжээ нуудаггүй, дотны болохоор тэмүүлдэг байна.
Хэт налуу бичиг
Заримдаа бүр хэвтээ юм шиг бичигтэй хүмүүс дайралддаг. Бичигний хэт налуу нь эрч хүчний ихээхэн нөөц буйг, бүх шинэ зүйлсийг хүлээн авахдаа ихээхэн бахархдаг болохыг харуулдаг байна. Хэрвээ ийм хүмүүс анхны харцаар дурлах нь их бөгөөд өөрийн мэдрэмжийг бүрэн өөрчилдөг байна. Тэд маш хартай ба байнга бусадтай харьцах, тэдэнд таалагдах хүсэл байдаг аж.
Зүүн тийш хөмөрсөн бичиг
Бичих чиглэлийн эсрэг 125 градус налуу бичиг нь тухайн хүний амьдрал ба хүмүүжлийн гадаад нөхцөл байдал нь хувийн авьяас чадвартай нь зохицохгүй байхад илэрдэг аж. Хөмөрсөн бичиг үргэлж гөжүүн зан, өөрийнхөөрөө, бусдаас шаардамтгай, бусдад итгэдэггүй, зарим тохиолдолд үнэн сэтгэлээсээ бус, нууцлаг шинжийг илтгэдэг байна.
Янз бүрийн чиглэлд налсан байдал
Энэ нь бие хүний аливаа завхруулсан, сэтгэлээр унасан эсвэл санаа хоёрдсоны шинж бөгөөд сэтгэл мэдрэл муудсан хүний бичиг ийм байдаг аж.
Бичгийн даралт, мөр зэргээс гадна үсгүүдийн холбоос, зураас, үсгийн өндөр ба өргөн, хэмжээ, бичгийн өнцөг, нум гээд маш олон зүйлээр нь тухайн хүний онцлогийг гаргаж болдог байна.
Мөн амьдралын тодорхой үеүдэд хүн бичгийнхээ хэвийг өөрчилдөг ба энэ нь ихэвчлэн өсвөр наснаас насанд хүрэгч болоход ажиглагддаг байна.