Голомт банк мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг оюутнуудад төгсөөд шууд ажлын байртай болох боломжийг нээлээ
Монголын их дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 30 гаруй хувь нь л төгсөөд ажлын байртай болдог гэсэн судалгаа бий. Энэ нь ажлын байрны хомсдолоос бус төгсөгчид нь ажил олгогчдын зүгээс тавьсан шаардлагыг хангаж чаддаггүйтэй холбоотой.
Тиймээс Голомт банкны Мэдээллийн технологийн хэсгийн хамт олон IT-ийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад өөрийгөө нээх, хөгжүүлэх, бусдад таниулах, технологийн ямар арга барилыг түлхүү эзэмших, суралцах хугацаандаа юун дээр анхаарч, ажлын гараагаа хэрхэн эхлэх зэрэг зөвлөгөө мэдээллийг хүргэх зорилгоор "ДИЖИТАЛ МЭРГЭЖИЛТЭН 2k18" өдөрлөгийг 2018.05.26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн бусад улс орнуудын өндөр нэр хүндтэй компаниуд нь их дээд сургуулиудтайгаа хамтран, ажлын байран дээр шууд гарахад бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг “Интерншип” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд Голомт банкнаас санаачилсан тус арга хэмжээ нь Монгол Улсын хувьд анхдагч болж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулах бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг 2, 3-р курсын оюутнуудыг хамруулах юм.
Монголын банк санхүүгийн салбар нь дэлхийн мэдээллийн технологийн хөгжилтэй эн зэрэгцэн алхдаг онцлогтой. Иймд Голомт банкнаас зохион байгуулсан Интершип хөтөлбөрт хамрагдсан оюутнууд шинэ мэдлэг мэдээлэлд суралцахаас гадна банкны салбарын шилдгүүдтэй нэг багт хамтран ажиллаж, дэлхийд үнэлэгдсэн мэргэжилтэн болох зэрэг олон давуу талтай юм.