Энхийг сахиулагч хурандаа Данзандоржийн Нарантулга
Дэлхий даяараа НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийг уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэхүү өдрүүдэд одоогоос яг арван жилийн өмнө 2008 оны хавар Африкт НҮБ-ын мандатын дор энхийг сахиулах албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад алтан амиа алдсан хурандаа Данзандоржийн Нарантулгаа онжав миний бие болон манай цэргийн химикууд энхийг сахиулагчид армийнхан Монголын ард түмэн эргэн дурсахгүй байхын аргагүй ээ.
Нараа бид хоёр хамтдаа 1980 оны Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб Африкийн зүгт салж одоцгоосон юм.
Эх орны эрэлхэг хөвүүн хурандаа Д.Нарантулга маань Улаанхуаранд салаан захирагч, Хөтөлд ротын захирагч, Зүүнбаянд тусгай батальоны штабын дарга, Мотобуудлагын хороонд албаны дарга, Алтанбулагт тусгай хорооны штабын дарга, Дарханд шинээр байгуулагдсан цэргийн ангийн анхны захирагч, БХИС-д албаны дарга, Батлан хамгаалахын удирдлагын академид тэнхимийн эрхлэгч, БХЯ-д ахлах мэргэжилтэн, Жанжин Штабт ахлах офицер зэрэг бүхий л албан тушаалд дэвшин ажилласан армийн урдаа барьдаг тэргүүний офицер байв.
Энхийг сахиулагч хурандаа Д.Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд Монголын цэргийн багийн командлагчаар, 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг, армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж ирсэн дэлхийн цэрэг мэргэжлийн цэрэг байлаа.
Армийн шилдэг офицер Нараа маань Тамбовын цэргийн дээдээс гадна Москвагийн цэргийн академи, БХИС-ийн докторантур, Канадын энхийг сахиулах хэлний сургууль, АНУ-ын Жанжин штабын академи буюу Дайны коллежийг амжилттай дүүргэсэн цэрэг-стратегийн өндөр мэдлэг, ёс зүйтэй армийн шилдэг боловсон хүчин байв.
Онжав маань Тамбовт байхдаа дандаа онц сурдаг, тоо физик инженерийн хичээлд бол бүр гаргуун, гитар сайхан тоглож маш гоё дуулдаг, сагс волейбол хөл бөмбөг гээд бүхий л спортод универсал, Орос, Монголын буудлагын спортын мастер, мэдэхгүй чадахгүй юман дээр надад байнга тусалж дэмжиж байдаг, удирдан зохион байгуулах авьяас чадвар, хүнтэй харьцах харилцаа гэж ёстой хайлсан тугалга шиг эр хүн байсан болохоор Монголын бүх курсантуудыг хариуцдаг үндэсний группийн даргын албыг давхар хашдаг байлаа.
Зураг дээр салааны захирагч Эрдэнэцогт, Нарантулга, Батжаргал нар. Орхон-Хангалын полигон 1987 он
Тэгээд Нараа бид хоёр Тамбовын сургуулиа төгсөөд Улаанхуаранд Ардын Армийн 289 дүгээр ангид салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерууд Нарантулга, Жавзандулам, Батболд, Цогбямба, Батжаргал, Одбаатар, Чүлтэмжамц, Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодан, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачаад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татан уралдаж давхилдсаар шөнө дундын үед Хөтөлд ирсэн юм. Нараа бид хоёр авгай хүүхдүүдээ цэргийн ангийн хашаанд байрлах баракан байрны нэг орцонд өөд өөдөөс харсан нэг нэг өрөөнд оруулж орхиод л цэргийн хоол хүнс арав гаруй машин төмс хүнсний ногоогоо хөлдөхөөс нь өмнө амжиж зооринд хийхээр цэргүүдтэй хамт шөнөжингөө буулгаж гүйлдэж байсан үе саяхан л юм шиг.
За тэгээд залуу офицерууд бид хэд чинь ангийнхаа хашаан дотор авгай хүүхэд цэргүүдтэй хамт баракан байранд амьдарна даа. Нэг өдөр анги бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаа жагсаалын талбайд жагсан ангийн захирагч дэд хурандаа Сүрэнхор үүрэг тавьж байхад манай жолооч ахлагч Пүрэвийн дөнгөж л хэлд орж байсан сахилгагүй шар банди жагсаалын урдуур хээвнэг алхаж байх юм. Түүнийг харсан захирагч их л өхөөрдөнгүйгээр "Үгүй энэ Пүрэвийн сахилгагүй шар энд юу хийж явна аа" гэхэд хариуд нь "Битгий хуцаад байгаарай муу п...да минь. Ална шүү" гэхийг сонсоод бүгд нирхийтэл инээхэд захирагч маань нүүр хийх газаргүй болж билээ.
Шинэхэн дэслэгч байхдаа Салаа жагсаад команд өгөхөд шинэ цэргүүд урд эгнээнд хал цэргүүд хойд эгнээнд голдуу жагсаад байна л даа. Оройн жаварт цэргүүдээ жагсааж үүрэгдэж байгаад өглөө ажилдаа иртэл хал цэргүүдийнх зүв зүгээр харин бүх шинэ цэргүүдийн баруун чих нь боовон болоод жаварт хайрагдсан байлаа. Удалгүй улс төрийн орлогч дуудаж цэрэг үүрэгдэж чихийг нь хайрагдуулсан хэргээр баахан банга авахуулав. Учир явдлыг аажмаар судалваас урдаа зогсоож байгаа шинэ цэргүүдийнхээ араас нэгэн зэрэг хал цэргүүд араас нь бүгд баруун чих руу нь жаварт үлээчихдэг байсныг мэдээд Нараа бид нар хал цэргүүдээ урд эгнээнд жагсааж бүх цэргүүдийнхээ малгайг байнга бүчлүүлдэг болсон доо.
1987 онд Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацраг идэвхт хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амийг аварсан юм.
Манай цэргийн анги хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар гарна. Салаа ротын дарга бид хэд чинь гол нь эх орноо хамгаалах эр цэргүүдээ мэргэн буудуулж сургахын тулд окопондоо өдөр шөнөгүй сууцгаан өөрсдөө банзан байгаа барин окопноосоо гараараа цухуйлган АК47-оор 400 метрээс шүршүүлж толгой дээгүүр сум шунгинан окопны чулуу шороо бутрах үед ч нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харангаа буудагч цэрэг руугаа ТА-57 хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичиж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв.
Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байв. Нараа маань цагаан шаргалдуу царайтай болохоороо хээрийн сургууль нар салхинд огт борлодоггүй үргэлжийн цагаан цэмцгэр явдаг бөгөөд нэг удаа Нараа маань мөн л тийм байдлаараа цувааны эхний БРДМ машины люкнээс найрсагаар инээмсэглэн толгойгоо цухуйлган гарч ирэхэд Ариунаа ээждээ тэврүүлэн аавыгаа тэсэж ядан хүлээх дөнгөж хэлд орж байгаа түүний хүү Цоомоо нь Гоогоо хэмээн аавыгаа зааснаа, харин дараагийн люкнээс тос маслонд хутгалдсан танкийн хар өмссөн тас хар царайтай Батболд год үсрэн гарч ирэхэд Баабаа хэмээн бархирч байсныг би тодхон санаж байна.
Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт