Сэтгэл...
Бие сэтгэлээс би бүрдэнэ
Би чи-гээс Өрх босно
Өрх гэрээс ураг залгана
Ураг төрлөөс улс тогтноно
Биеэ, гэрээ, төрөө засах гэдэг нь
Эхлээд сэтгэлээ засна гэсэн үг
Хоног тутам зуухандаа жигнэсэн амтат талхаа бид
Гурав хуваан аав ээж ач үрстэйгээ зооглохын адил
Хором тутам зүрхэндээ жигнэсэн сэтгэлийн үрээ бид
Дөрөв хуваан хувь заяасыг нь газар тэнгэрт
Дархалж байдгаа ухаардаг болов уу
Бие газарт бордоо болохын цагт
Сэтгэл тэнгэрт “ноосоо тушаана”
Өнгө мөнгөнд алдрах сэтгэлийг
Үнэн үг мэргэн ухаанаар л дугтарна
Буруу зөвийг таних
Буян нүглийг ялгах
Бурхан чөтгөрийг салгах
Мэргэн ухааныг зодож бус
Гуйж олно
Ундны усаар бие цангана
Үнэн үгээр сэтгэл цангана
Үнэн худал хоёр
Сэтгэлийн төлөө байлдана
Өөр өөрийн болгох гэж
Насан туршид тэмцэлдэнэ
Гэмшил ухаарал гэгээрэл
Зөв сэтгэлийн амь
Хорсол шунал бардамнал
Хорон сэтгэлийн хоол
Итгэл сэтгэл зуузай
Ивээл хайр зуузай
Хүсэл хясал зуузай
Хорсол мөхөл зуузай
Бусдыг өөр шигээ
Бурууг өөр дээрээ
Буяныг баруун зүүнгүй
Баруун гарын өглөгөө
Бардамнаж олонд гайхуулах нь байтугай
Зүүн гартаа ч мэдрүүлэлгүй
Зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах нь
Зөвд нийцэж үнэнд үнэлэгдэнэ
Хатуу үг чулуудавч өр зүрх шимшрээд байвал хайрын сэтгэл
Халуун баяр хүргэе гэвч араа шүд зуугдаад байвал хорсох сэтгэл
Хан тэнгэрт дүүлэх мэт алдаршивч харц доогуур гишгэх нь даруу сэтгэл
Уу ид хэмээн дайлавч цайлавч хайран санагдах нь хармын сэтгэл
Углах гуталгүй ч гишгэх хөлтэйдөө баясах нь хангалуун сэтгэл
Улсын юм түмний өмчинд хуруу дүрэх нь шуналын сэтгэл
Урмын үг баатар цолноос ч ум хумгуй зугтах нь зөв сэтгэл
Өрөөлийг хальтрахад өргөх бус түлхэх нь хорон сэтгэл
Өстөнөө цангахад жадлах бус ундаалах нь уучлах сэтгэл
Эхнэрийн гоёог эзэн нь дугтарна
Сэтгэлийн жолоог ухаан нь дугтарна
Сэлбийг өгсөхөд сэрүүхэн ч
Сэтгэл гэдэг бас тийм ч жолоо цулбуургүй
Хаашаа л бол хаашаагаа /дуунд гардаг шигээ/
Хайлсан тугалга шиг халбилзах эд биш ээ
Өнгө мөнгөнд гэгэлзэх сэтгэлээ
Үнэн үг мэргэн ухаанаар хандыг нь байнга
Хага дарж хайрцаглаж байхгүй бол
Нисэж нисэж яваад нэг л өдөр
Нисдэг тэрэгний ослоор ч
Чад хийлгэчихэж чадах эд шүү энэ сэтгэл
Өнгө мөнгөнд үхмэл сэтгэл
Өөдсөн биеийг минь үйрэхээс аварна
Үнэний хүчинд омогших итгэл
Улс Монголыг минь сүйрэхээс аварна
Сэтгэлийн гэгээрлээр эр биес тэгширч
Ураг төрөл айл гэрс дэвжиж
Улс үндэстэн маань цэцэглэнэ гэдгийг
Хөх толбот хүн бүр ухаараасай
Жич: Олон улсын эрдэмтэн физикчдийн баг хүний сэтгэл (душа, soul) гэдэг нь квантын физикээр хэмжигдэж болох бөгөөд долгионтой ижил төстэй, квантын бодит орон зайг эзэлдэг гэдэг дээр санал нэгджээ. http://yournewswire.com/scientists-say-they-have-found-proof-of-the-human-soul/
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт