Хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан “Хаврын үзэсгэлэн яармаг 2018”
"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Эмэгтэйчүүдийн бизнесийн зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн холбоо болон "Нарлаг" ротари клуб хамтран "Хаврын үзэсгэлэн яармаг"-ийг 2018 оны тавдугаар сарын 25, 26-ны 11-17 цагт Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн яармагаас олсон ашгийг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан брайль хэвлэгч (116-р сургууль / “DEM” ТББ), Орхон аймгийн Хүүхдийн төвд нөхөн сэргээх тоног төхөөрөмж (“Faith Tree” ТББ) авахад зориулах юм.
Энд 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, ивээн тэтгэгчид оролцохоос гадна нүүр будалт, ЛЕГО тоглоом, циркийн үзүүлбэр зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах учир гэр бүлээрээ өдрийг зугаатай өнгөрүүлэх болно.
Үдээс өмнө нь үйлдвэрлэгчид, хувийн бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст туслах зорилгоор оёдлын сургалт хийнэ. Харин үдээс хойш НҮБ-ын Хүүхдийн сангаас сайн аав ээж байх, хүүхдийг цахим халдлагаас хамгаалах зэрэг хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх болно.
Мөн үйлдвэрлэгчдийн зарим нь зорилтот бүлгийн хүмүүст бие даан амьдрах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй "Дэлхийн зөн Монгол" байгууллагын дэмжлэгээр бий болсон бизнесийн бүлгүүд бараа бүтээгдэхүүнээ энэ үеэр танилцуулах юм.
Ирсэн зочид эндээс бараа худалдаж авснаар эдгээр гэр бүлүүдийг дэмжиж байгаа хэрэг юм. Энэхүү үйл ажиллагаа нь орон нийтэд тусламж хэрэгтэй нэгнээ дэмжих сайхан боломж олгоно гэдэгт бид итгэж байна.
"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага