Чингисийн өмнөх үе рүү ухарч алхах уу?
Жалга довны үзэлд хэт автаж, нутгархах нь найман зуунаар ухарч алхахтай адил.
Эзэн богд Чингис хаан XIII зуунд тус тусдаа салангид оршин байсан (Хэрэйд, Найман, Мэргид, Ойрад г.м) олон овог аймгийн бүлгийг задалж, тэдгээрийг хооронд нь нэгтгэн ижилсүүлснээр монгол угсаатан бүрэлдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тус тусдаа байсан овог аймгууд нэгдэж, хэл, соёлын ижилсэлд орохын зэрэгцээ өөрийн жинхэнэ угсаа гарвалыг үл хайхран, дэлхийд цуурайтсан Чингисийн нэр дор нэгдэж, нэг угсаатан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр монгол угсаатан үүсэн бүрэлджээ.
Нэг хэлээр ярьдаг, нэг гаралтайгаа хүлээн зөвшөөрдөг (заавал нэг гаралтай нь үнэн байх албагүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг байхад хангалттай), иж бүрэн заншил, амьдралын хэвшил болон нандигнан дээдэлдэг уламжлалтай, үүгээрээ бусдаас ялгарах бүлэг хүмүүсийг угсаатан гэнэ.
С.М.ШироковХарин өдгөө Монголд 20 гаруй угсаатны бүлэг (хуучин нэршлээр ястан, халх, дөрвөд, өөлд г.м), дэлхий дээр долоо орчим монголжуу хэл байдаг аж. Үүнийгээ дагаад угсаатны бүлгээр ангилах, ялгаварлах, хуваарилах, хүмүүжүүлэх үзэл бий болж, бидний хэлдгээр "жалга довны үзэл" эрчээ авсан.
Харин үүнийг судлаач Л.Мөнх-Эрдэнэ Зөвлөлтийн-Коминтерний (Дэлхий дахинд Коммунист хувьсгалыг ялуулах зорилготой байгууллага) бодлого байсан бөгөөд монголчуудын задалж, дотор нь хагаралдуулан, хүчийг нь сулруулах замаар тогтоон барих гэсэн бодлого хэмээн үзжээ.
Түүний судалгааны өгүүлэлд бичсэнээр 1928 онд Монголын засгийн эрхэнд гарсан шинэ эрх баригчид (Зүүнтнүүд), ЗХУ-ын Коминтерний бодлогыг дагаж, 1930-аад оноос монголчуудыг яс үндсээр нь ангилан паспортжуулж эхэлжээ. Ингээд тэр үед Монголд 30 шахам угсаатны бүлэг оршиж, төр засгаас тэдгээрийн тус тусын үндэс угсаа, хэл, соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэх болжээ.
Мөн тухайн үед Зөвлөлт Холбоот улсын Борис Владимирцов "Зүгээр л монголчууд гэж байхгүй, харин халхчууд, харчингууд, буриадууд, цахарууд гэх мэт тус тусдаа бүлгүүд л байгаа" хэмээн хэлж байсан нь монголчуудыг хагаралдуулан хуваах гэсэн тэдний бодлогын гэрч болжээ.
1938 он хүртэл А.Амар нарын хүмүүс үндэс угсаагаа зөвхөн "Монгол" гэж бүртгүүлж байсан нь яс үндсээр нь ялган паспортжуулж байсан тус бодлоготой эвлэрч чадахгүй байсныг гэрчилдэг байна.
Харин Коминтерний монгол угсаатныг хуваан бутаргах гэсэн тэрхүү кампанит ажил үүргээ маш сайн гүйцэтгэснийг өдгөө олон жишээнээс харж болно. Тухайлбал, нутгийнхаа хүнтэй гэрлэ, нутгийнхаа хүнийг дэмж гэх мэт хандлага одоог хүртэл байдаг нь тухайн үед монголчуудын тархинд суулгасан үзэл суртлын үлдэгдэл гэж хэлж болно.
Харин Коминтерний тэрхүү кампанит ажлаас өмнө монголд нутгархах үзэл байсан ч тэр нь тийм ч их газар авахаар хэмжээнд байгаагүй аж. Жишээ нь, тархи угаалтын өмнөх үед эцэг эх нь хүүхдэдээ нутгийнхаа хүнтэй гэрлэ гэж захидаг байсан нь нутгархах гэхээсээ илүү тэр үед харилцаа холбоо, машин, техник технологи хөгжөөгүй байсан учир үр хүүхдээ холын хүнд өгөхөөс татгалзан, өөрт ойр байлгах гэсэн шалтгаантай байжээ.
Харин өнөөдөр зарим эцэг эхчүүд Монголын хоёр захад байсан ч харилцаж, хүсвэл хэдхэн цагийн дотор нисээд очих боломжтой хөгжингүй нийгэмд амьдарч байгаа атал заавал нутгийн хүнтэйгээ гэрлэхийг шаардаж буй нь Монголыг бутаргах гэсэн гадны нөлөөнд одоо хүртэл автсаар байгааг харуулж байна.
Чингис хаан биднийг нэгтгэсэн, харин хожим ЗХУ монголчуудыг эвтэй байхдаа хүчтэй гэдгийг мэдээд задлан бутаргахыг хүсч, түүнийгээ ч тодорхой хэмжээнд хэрэгжүүлж чадсан байна.
Судлаач Л.Мөнх-Эрдэнэ одоогийн угсаатны бүлгийг, өнгөрсөн үеийн овог аймгийн бүлэгтэй зүйрлэжээ. Өөрөөр хэлбэл, нэг цул байсан монгол угсаатан, халх, буриад, дархадаараа салах нь Чингис хаан нэгтгэхийн өмнөх тархай бутархай овог аймгийн үе рүүгээ буцан, найман зуунаар ухарч байгаатай ижил юм. Гэвч бид ухрах биш, урагшлах ёстой! Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
С.Зориг