1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оноос ногдол ашиг олгож эхэлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх зорилгоор 1072 хувьцаа мэдээллийн төвийг саяхан нээсэн билээ. Тус компани өнгөрсөн онд 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гадаад дотоод өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан юм байна. Иймд хувьцаа эзэшигчдэд ногдол ашиг өгөх боломж бүрдсэн аж. Харин 2019 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхлэх юм байна. Энэ нь 2018 оны борлуулалтай шууд холбоотой учраас борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2017 онд 100 хувийн ашигтай буюу 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Үүнтэй холбоотойгоор гадаад, дотоод өр төлбөрийн асуулдыг дуусгаж, компани балансын хувьд цэвэр болсон. Олон улсын зах зээлд болон Монголдоо үр ашигтай компани болсон. “Эрдэнэс Тавантолгой” компани өр төлбөрийн асуудал байхгүй болсон учраас ногдол ашиг өгөх 100 хувь боломжтой болж байгаа юм” гэсэн юм.
Харин 1072 хувьцаа эзэмшигч нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон сая төгрөгөө аваагүй 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн байх юм.
Хэрэв хувьцаа эзэмшигч мөн бөгөөд Төвлөрсөн хадгаламжид данс нээгээгүй бол Брокерын компанид хандан хувьцааны арилжаааны данс нээлгэх хэрэгтэй. Ингэснээр хувьцаагаа өөрийн дансандаа байршуулах байгаа юм байна. Брокер диллерийн компани гэдэг нь хөрөнгийн зах зээлийн буюу хувьцааны арилжаанд оролцоход зуучлах мэргэжлийн байгууллагыг хэлнэ.
1072 хувьцаа мэдээллийн төвтэй 1800-1072 утсаар холбогдон асуух боломжтой.