Миний л найз...
... Тэр хэзээ ч итгэл алдаж байгаагүй, бусад шиг. Бас хэзээ ч худал хэлж байгаагүй, хэн нэгэн шиг. Жаргал зовлон, баяр гуниг, алдаа оноо амьдралын аль ч цаг үед хажууд минь тэр байсан. Тэр байсан учраас л бэрхшээлийг бардамхан сөрж, бартаа саадад бууж өгөөгүй юм шиг санагддаг. Хүний амьдралд ховорхон тохиох баярт мөчүүд түүний дэмээр илүү утга учиртай, хөг эгшигтэй байгаа юу гэж бодогдох нь бас бий.
Хоёр салаа годгорхон гэзгэндээ ягаан тууз зүүсэн, дүрлийсэн алаг нүдтэй цэмцгэр шар охины инээмсэглэх дүр тэртээ олон жилийн дурсамжинд тодоос тод үзэгддэг. Чихрээ хувааж, жижигхэн нууцаа аминчлан шивнэсэн нэг ангийн, нэг ширээний найзууд явлаа, бид. Кинонд улайраад хичээлээсээ хоцорч, “Хоёр” гэдэг дүнг анх авч үзсэнээ, хөвгүүдэд шоглуулж, цасаар нүүрээ угаалгаад халтайж зогссоноо, хэн нэгэнд сэтгэл алдарч хэдэн цагаар ч хамаагүй ярьж суудаг байснаа… Томоогүй бага насны минь тэр бүх нандин дурсамжинд чи уяатай байдаг. Хэзээ хойно, нас биед хүрсэн бүсгүй найзынхаа гарыг дэрлээд уйлж суухад чимээгүйхэн сонсоод, сэтгэлээрээ хань болж байсныг чинь би ер мартдаггүй. Хэтэвчээ хоосортол нь бүх мөнгөөрөө бэлэг авч өгчихөөд “Хүн баярлуулах чинь миний хообий шүү дээ” гэнэ. Одоо санах нь ээ, чамаас яасан ч олон бэлэг авч байгаа вэ. Хожим үрийн зулай үнэрлээд баярын нулимстай суухад минь халуун шөл, баглаа цэцэг барьчихсан ханиас минь дутахгүй догдолж зогссоныг чинь санаж байна. Ээж шиг минь, нөхөр шиг минь, тэднээс ч дутахгүй халамжилдагт нь, марталгүй намайг гэсэн сэтгэл тавих бүрт нь унаган багын найздаа үнэн голоосоо баярладаг.
Түүнээс өөр найз надад байгаагүй биш байсаан. Гэхдээ он цаг, үнэний шалгуурт хуруу дарам цөөхөн нь тунаж үлддэг юм билээ. Ерөөс найз гэдэг ойлголт хэн нэгнийхээ эрх ашгийн тусын тулд биш, хэм тэгш нөхцөлд үүсдэг хамгийн нандин харилцаа гэж боддог.
Олоон жил хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрээ саяхан сөхөж харлаа л даа. Найзынхаа тухай тоймтой ганц үг өгүүлбэр ч бичээгүй байх юм. Энэ олон жилийн хугацаанд шүү... Бодоод байх нь ээ, хүн хамгийн ойр дотны хүнээ хамгийн бага хайрладаг бололтой. “Миний найз” гэж өмчирхдөг, үргэлж хамт байсан, байх болно гэж боддогтоо ч юм уу, эсвэл ээжүүд шиг хариу тус нэхдэггүйд нь тэр юм уу. Миний найз миний мэдэхээр ийм л хүн.
Үргэлж дотно байж, үргэлж хамт байж, үргэлж анд байж чадсаных нь төлөө би түүнд хайртай. Хоёр салаа гэзэгтэй танхил жаахан охид байхаасаа эхэлсэн бидний үерхэл тэр хэвээрээ ариун нандин, бат бөх, басхүү насан туршийнх байх биз ээ.
Г.ОЮУНГЭРЭЛ