Ногоон хот болох "гарц" бол мод үржүүлгийн газар
Энэ хаврын хамгийн дуулиантай сэдэв бол яах аргагүй нарс мод байсан билээ. Учир нь манай орны ойн сангийн тавхан хувийг бүрдүүлдэг нарс модыг ойгоос нь шүд сугалсан мэт өм цөм аван, нийслэлд авчирч суулгадаг практик сүүлийн хоёр жилээс бий болсон.
Гэтэл суулгасан мод ургахгүй үхэж, ногоон байгууламжид төсөвлөсөн хэдэн тэрбум төгрөг тэдэнтэй хамт түлш болон шатаж байна гэсэн шуугиан дэгдэж эхэлсэн.
Чухамдаа уулнаас авчран суулгасан модод ургахгүй байгаа нь их энгийн шалтгаантай. Ойт хээрийн бүсэд ургадаг нарс модыг, хээрийн бүсэд авчран хүчээр суулгаж байгаа нь, эрс тэс ширүүн уур амьсгалд амьдарч дассан биднийг Африкт аваачаад зохицон амьдар гээд хаяж байгаагаас өөрцгүй ажээ.
Тэгвэл модыг хэрхэн тарих ёстой вэ?
Модыг тарьж, суулгахдаа эхлээд тухайн орчинд ургах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь хамгийн чухал хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод л гэхэд БЗД орчим хөрс сайн байхад, Баянхошуу, Толгойт орчмын хөрс нь маш хатуу, хайрга чулуутай, үржил шимгүй байж болно. Энэ мэт хот дотор хүртэл газарзүйн байрлал, хөрс, уснаас шалтгаалаад тэс өөр орчин нөхцөл шаарддаг байхад, үүнийг бодолцолгүй уулнаас нь авчраад “хар ухаанаар” хаа сайгүй суулгаж байгаа нь бүтээн байгуулалт биш гарз болж байна.
Мод тарих дэлхийн жишиг
Харин манайхаас бусад оронд бол юун түрүүнд мод ургах хамгийн чухал хүчин зүйл болох хөрс, усны PH буюу хүчил шүлтийн хэмжээ, хөрсний шинж чанар, үржил шимт байдал зэргийг сайтар судалж, үүнийхээ үндсэн дээр тухайн орчин, нөхцөлийг нь бүрдүүлсэн мод үржүүлгийн газар байгуулдаг байна.
Жишээ нь Хавай арал нь долоон жижиг арлаас бүрддэг. Арал бүр нь өөр өөр хөрстэй. Тиймээс бүгдийг нь сайтар судалж, тус тусынх нь орчин нөхцөлийг бүрдүүлсэн мод үржүүлгийн газар байгуулаад, тэндээ үр тарьж, ургасных нь дараа шилжүүлэн суулгадаг аж.
Зөвхөн Хавайд ч биш Хятад, Солонгос, АНУ бүгд энэ практикаар хотоо ногооруулдаг хэмээн МУИС-ийн багш, ой судлалын ухааны доктор, дэд профессор Ц.Батчулуун хэлсэн юм. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд бидэн шиг байгалийн ойгоосоо хумслах биш, мод үржүүлгийн газар ургуулсан модоо суулгадаг гэсэн үг юм.
Хавай дахь мод үржүүлгийн газар
Тиймээс манай улс ч мөн нарс модны тавхан хувийн нөөцөөсөө хороож, хотод авчран үхүүлэх биш, мод үржүүлгийн газар байгуулан тэндээ тарьж ургуулаад, шилжүүлэн суулгах бүрэн боломжтой юм. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт уг газрыг байгуулахдаа тус бүсийн хөрсийг судлан, яг тийм хөрс бэлдэж, түүндээ зохицуулан мод тарина.
Ингээд ургасных нь дараа гудамж талбайд шилжүүлэн суулгах юм. Харин БЗД-ийн хөрсөнд тохируулан тарьсан модыг, Хан-уул дүүрэгт суулгавал ургахгүй. Тиймээс тус тусад нь мод үржүүлгийн газар байгуулан, үүнийгээ дагаад ажлын байр ч нэмэгдэж, уулын нарс ууландаа үлдэн, их хотод зориулан тарьсан 200-300 жилийн настай нарс модтой хамт цэнгэг агаар, ногоон хотыг ирээдүй хойчдоо зуун дамжуулан үлдээх боломжтой юм.
Ингэхийн тулд мэдээж төсөв мөнгөний асуудал яригдана
Ер нь дэлхийн улс орнууд ногоон байгууламждаа төсвийнхөө нилээд хувийг зарцуулдаг. Гэтэл манайх шиг агаарын бохирдол, тоос шороо ихтэй хотод мод тарих нь амин чухал хэрэгцээ болсон тул “гар татах” аргагүй.
Тиймдээ ч 2016 онд анх энэ ажлыг эхлүүлэхдээ 2020 он гэхэд нийслэлийн нэг иргэнд оногдох ногоон байгууламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр 20 тэрбум төгрөг төсөвлөж, энэ зардал хэрэгжих явцдаа 40 хувиар нэмэгдсэн баримт бий.
Гэвч харамсалтай нь суулгасан нарсны ихэнх нь ургаагүй тул төсвийн мөнгө энэ ажлыг бизнес гэж харсан хэдэн компанийн халаасанд орж, үлдсэн нь үхсэн нарстай хамт түлш болоод дууссан. Харин нарс суулгасан хүмүүс түүнийг ургаж байгаа л гэж хэлдэг.
Гэвч үнэн хэрэгтээ 20-30 настай, өөртөө тодорхой хэмжээний энерги, дархлаатай болсон модыг үндсээр нь сугалан хотод авчраад суулгахад, хөрснөөс шим тэжээл авч чадахгүй байсан ч өөрийн энергийн нөөцөөрөө 2,3 жил амьдраад эцэст нь үхдэг байна. Үүнийг нь бид ургаж байна хэмээн хууртдаг бол үнэн хэрэгтээ аажим аажмаар үхэж байдаг аж.
Тиймээс төсвийн мөнгийг дэмий үрсэн энэ ажлыг нэн даруй зогсоож, учир мэдэх мэргэжлийн хүмүүстэй хамтран бодит үр дүнтэй ажлыг дэлхийн жишгээр хэрэгжүүлэх шаардлагатай байна.