Айхыг мэддэггүй эр
Юунаас ч айдаггүй гэдгээрээ нутагтаа алдаршсан н.Донгов гэх хүний тухай хууч яриаг та магадгүй сонссон ч байж болох юм. Тэрээр 1910-1970-аад онд Хөвсгөл аймагт амьдарч байсан хүн бөгөөд насан туршдаа буг чөтгөр, сүнс зэргээс айж байсан удаагүй гэдэг.
Нэгэн өдөр хамт анд явсан хүмүүс нь түүнийг айлгахаар төлөвлөгөө зохиожээ. Үдшийн бүрий болоход ойд байсан хүмүүс гал түлэхээр болж, Донгов гуайг юунаас ч айдаггүй гэх шалтгаанаар тулгын гурван чулуу авчруулахаар байгаа газрыг нь зааж өгөөд явуулжээ. Ингээд өөрсдөө чулуу авах газарт нь түрүүлж очоод, нэг нь хувцсаа тайлж, чармай нүцгэлээд модны ард нуугдсан байна.
Донгов гуай очиж, чулуугаа аваад буцах гэтэл чармай нүцгэн сэгсгэр хүн харанхуйн дундаас гүйж гарч ирээд, “Чулуугаа өгөхгүй ээ” гээд муухай орилоод, чулуунаас нь татан зууралджээ. Гэтэл тэрээр “За юун сүртэй юм, хэрэгтэй юм бол маргааш авчраад тавьчихъя” гээд түлхэж унагачихаад, хэнэг ч үгүй яваад өгчээ. Ингээд л анчин нөхдийнх нь айлгах төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэдэг.
Мөн нэг сониуч хүн түүнээс “Таныг юунаас ч айдаггүй гэх юм. Та ер нь сүнс, чөтгөртэй таарч байсан тохиолдол байдаг уу?” гэж асуусан гэнэ. Тэгэхэд нь Донгов гуай “Би нэг орой ууланд явж байхдаа ил гал түлээд, тамхиа баагиулаад сууж байтал галын утаан дороос нэг нарийн хоолой “Самыг минь өг, самыг минь өг” гээд хашгирсан. Би газар доорхоо тэмтэрч үзтэл хэдэн хугархай шүдтэй сам баригдсан. Тэгэхээр нь аваад “Май, хэрэгтэй юм бол яах гэж хаясан юм” гээд гал руу шидтэл утаа манараад л чимээгүй болсон доо. Тэр чухам юу байсныг би мэдэхгүй” гэжээ. Энэ мэтчилэн түүнийг хүн нь ч, буг нь ч айлгаж чадаагүй гэдэг.
Зарим хүмүүс хэт мэдрэмтгий зангаасаа шалтгаалан огт байхгүй зүйлийг байгаа мэт харж, сонсож, мэдэрдэг. Гэвч үнэн хэрэгтээ үхсэн хүнээс биш, амьд хүнээс айж явах хэрэгтэй гэдэг шүү дээ.