Худалдаа хөгжлийн банк 29-р тусгай сургуульд иж бүрэн "Шатрын клуб" байгуулж өглөө
Хүүхдийг багаас нь шатрын спортоор хичээллүүлснээр сэтгэлгээ нь задарч, оюун ухаан нь хөгжих эерэг үр дүнтэй байдаг. Гэтэл манай улсад стандартын дагуу мэргэжлийн хэрэгслээр хангагдсан шатрын клуб цөөн тоотой байдаг. Ялангуяа шатрын клубтэй ерөнхий боловсролын сургууль тоотой хэд л байдаг.
Энэ ч үүднээс Худалдаа хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн хүүхдүүдэд шатрын иж бүрэн хэрэгслээр хангагдсан клуб байгуулан өгч, өнөөдөр нээлтээ хийлээ. 29-р сургууль нь тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг цорын ганц сургууль юм.
Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй ч, оюун ухаанаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлээр дүүрэн сурагч хүүхдүүдээ дэмжиж, стандартад нийцсэн шатрын клуб байгуулж өгөхөөр Худалдаа хөгжлийн банкныхан зорьж ажиллан өнөөдөр хүлээлгэн өгч байна. "Мэргэжилтнүүд болон сургуулийн багш нартай нягт хамтран ажилласны дүнд бид клубийн танхимыг тохижуулж, сурагчдын стандартын шатар, электрон цаг, багшийн заах арга барилын мэргэжлийн хэрэгсэл, ном сурах бичиг, сандал, ширээ, шүүгээ болон бусад хэрэгцээт зүйлсийг худалдан авч өглөө.
Худалдаа хөгжлийн банк нь хүүхэд залуусын боловсрол, хөгжилд чиглэсэн хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлсээр байх болно" хэмээн энэ үеэр тус банкны удирдлагууд онцоллоо.