200 мянган монгол иргэний амь нас эрсдэлд ороод байгаа нь чухал биш үү
Хүмүүсийн хандлага их сонин. Амь нас, эрүүл мэнд, аюул эрсдэлгүй амьдрахтай холбоотой нэн түрүүнд санаа тавих ёстой асуудлыг төдийлэн анзаарч тоохгүй хэрнээ “Энэ муу улстөрч, тэр муу авлигач” гэж ирээд л төрийн төлөө боож үхэх оготны дүрд хувирах дуртай. Тэгвэл өнөөдрийн сошиалаар урсаж буй олон арван мэдээллээс бид юуг анзаарч олж анхаарах ёстой вэ гэвэл газар хөдлөлтөд тэсэж үлдэхгүй 1000 гаруй орон сууцанд иргэд маань амьдарч байна гэх статистик. Нэг орон сууц хамгийн багадаа 40 айлтай гэж үзвэл Монгол орон даяар 40 мянган айл, дунджаар 4-5 ам бүлтэй гэж тооцвол 200 мянган хүний амь настай холбоотой асуудал яригдана. Тэгэхээр энэ бол бага тоо биш, үл ойшоох асуудал бүр ч биш.
Монгол Улс газар хөдлөлтөд тэсвэртэй, амны билэггүй юм бичлээ гэж зарим нь зандарч мэдэх л байх. Гэхдээ орон даяар хийсэн судалгаагаар нийт барилгын 10.5 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь холбогдох байгууллагуудын хийсэн нэгдсэн үзлэг шалгалтаар тодорхой болжээ.
2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 6627 орон сууцны барилга ашиглагдаж байгаагаас шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байшин нийслэлд 349, орон нутагт 702 байна гээд бод доо. Үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон нийслэлд 234, орон нутагт 221 орон сууцны барилга байгаа аж.
Холбогдох газрууд ашиглахыг хориглосон тушаал шийдвэр гаргамагц айлууд нь нүүгээд явчихдаг гэж бодож байвал том эндүүрэл. Одоо ч тэнд оршин суугчид нь амьдарсан хэвээрээ, нэг давхруудыг нь үйлчилгээний газрууд түрээслэн үйл ажиллагаа явуулсаар байгаа.
“Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг аюултай, эрсдэлтэй гэж сануулсаар атал хүүхэд нялхас, хөгшин залуугүй амар жимэр амьдарч л байдаг нь манайхны айвуу тайвуу зантай нэг талаар холбоотой. Бурхны авралаар дэлхийн зарим улс орнуудад тохиолдсон шиг аймшигтай осол, байгалийн элдэв гамшигт үзэгдэл нүүрлээгүй байгаа нь бидний аз. Зураг дээр харагдаж байгаа шиг ийм айдас хүйдэс нүүрлэвэл бид яах вэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр тэр үед бид юу хийж чадах юм бэ. Онцгой байдлын газраас үе үе газар хөдлөлтийн үед хэрхвэл зохих талаар үзүүлэх сургалт нэртэй сүржин арга хэмжээ зохион байгуулдаг л даа. Газар хөдлөхөд ширээн доогуур орох хэрэгтэй гэдэг наад захын ойлголтыг сургуулийн хүүхдүүд мэддэг болсон нь энэ арга хэмжээний нэг сайн тал боловч болзошгүй аюул нүүрлээд байгаа дээрх 1000 гаруй орон сууцны оршин суугч олон мянган хүний хувь заяатай холбоотой асуудлыг холбогдох газрууд яагаад сөхөж тавихгүй байгаа нь хачирхалтай. Тэр барилгуудын жагсаалтыг олон нийтийн сүлжээнд тавьж, нийтэд зарлах хэрэгтэй шүү дээ. Энэ олон иргэнийхээ амь насыг хамгаалахын тулд төр төмөр нүүрээ гаргаад ч болов асуудлын гарцыг нэн даруй олж болохгүй гэж үү. Эсвэл яг одооноос эхлээд Онцгойгийнхон өнөөх үзүүлэх сургалтаа зөвхөн дээрх 1000 гаруй орон сууцны оршин суугчдад хийх хэрэгтэй юм биш үү.
Өнөөдрийн бидний улиг болтол ярьж буй олон сэдвээс 200 мянган монгол иргэний амь насыг хэрхэн аврах вэ гэдэг асуудал чухал биш бол өөр юу чухал вэ.