Хөвсгөл нуур химийн хорт нэгдэл агуулсан хуванцраар бохирдсоныг Швейцарийн эрдэмтэд тогтоожээ
Хоймор нутагт орших хөх сувд Хөвсгөл нууранд маань химийн хорт нэгдэл бүхий хуванцар ихээр агуулагдаж, энэ нь түүний экосистем, нуурын амьтан ургамлыг сүйтгэж байгааг Швейцарийн эрдэмтэд судлан тогтоожээ.
Швейцарийн Женев нуурын эрэг орчмын хог хаягдлуудыг түүж түүний химийн хорт элементүүдийг судалж 3000 дээжээс 670-ыг нь шинжлэхэд бичил хуванцар буюу 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар нуурын амьтдын залгиур хоолойг бөглөх, хоол боловсруулах эрхтэнд тээглэх, улмаар ходоодны хүчлийн нөлөөгөөр хорт элементүүд хурдан задрах, тухайн хордсон амьтны үлдэгдлээс нууранд хорт бодис ихээр алдагдах зэргээр нуурыг бохирдуулдгийг тогтоожээ.
Мөн бичил хуванцрын химийн нэгдлийг судлахад хар тугалга, мөнгөн ус зэрэг маш хүчтэй хорт бодис илэрч байгааг тогтоосон аж. Женев нуурын эрэг орчмоос дээжилж авсан хуванцруудын ихэнхийг одоо хэрэглэхээ больсон бүтээгдэхүүнүүд эзэлж байжээ. Хэдийгээр одоо хэрэглэгдэхгүй байгаа ч хуванцар байгаль дээр хэдэн арван жилээр хорт бодисоо ялгаруулсаар байдаг аж. Энэ хуванцар хэдэн зуун жилээр байгаль орчныг хордуулсаар байх нь ойлгомжтой.
Женевийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн өөрийн оронд судалгаа хийгээд зогсохгүй дэлхийн цэнгэг уст эртний нуурууд гэгдэх Италийн Гарда, Монголын Хөвсгөл нууруудад энэ судалгааг хийснээрээ онцлогтой.
Хөвсгөл бол Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Түүнээс гадна дэлхий дээрх эртний 17 нуурын нэг бөгөөд хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүний хэмжээ нь 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг аж.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нэг кв.км талбайд оногдож байгаа нь химийн хорт нэгдэл агуулсан хуванцар Хөвсгөл нууранд 48.146 байсан бол Женевийнх 44.435 гэсэн үзүүлэлттэй байжээ. Үүнд санаа зовж буйгаа эрдэмтэд хэлсэн байна.