Олон улсын хүний эрхийн “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилж, АТГ-ын авлигатай тэмцэх ажилд саад учруулах гэж байна хэмээн үзэж байгаагаа хэллээ.
АТГ урьд хожид байгаагүй сайн ажиллаж, С.Баяр, С.Баярцогт нарын хүмүүсийг барьж хорьсон билээ. Үүний цаана Оюутолгойн гэрээ хэмээх том хэрэг байгаа бөгөөд энэ том хэргийг шийдэж, шударга ёсны эхлэл тавьбал Эрдэнэтийн 49 хувь, Төмөр замын хэрэг гээд бусад томовтор хэргүүдийг дор нь цэгцлэх боломжтой.
Харин энэ чухал үед Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргыг сольж, өөрийнх нь үг үйлдлээр хөдөлдөг хүн тавих гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Нийгэм хоёр хуваагдчихаад байна. Зарим нь Х.Баттулгыг Б.Гарамгайбаатар, Н.Золжаргал нарын хэргийг замхруулсан шиг С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хэргийг замхруулах гэж байна хэмээн үзэж байгаа бол зарим нь харин ч АТГ-ын ажлыг улам урагшлуулна гэж харж байна.
Ийм эргэлзээ байгаа үед яараад хэрэггүй болов уу, АТГ-ыг аль хүртэл шударга ажиллахыг харах хэрэгтэй. Үүний дараа тус газрын даргыг солиход оройтохгүй. Нөгөө талдаа 50x50 хувьтай байгаа эргэлзээ нэг тал руугаа хэлбийж АТГ-ын ажил ахиц дээшлэх тусам даргыг нь солих гэж яарч байгаа нь Х.Баттулгад итгэх итгэлийг бууруулж байна.
Олон улсын хүний эрхийн байгууллага Монгол Улсад шударга ёс, хүний эрхийг зөрчин байж авлигатай тэмцэх ажилд саад учруулах гэж байна хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруушааж байгаа энэ үед улсын дотоод хэрэгт оролцлоо гэж харалгүйгээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах хэрэгтэй л дээ.
Үүгээр ч зогсохгүй Олон улсын парламентын холбооноос Монгол Улсыг С.Зоригийн хэргийг буруу шийдсэн байна гэж шүүмжилсэн энэ үед Төрийн тэргүүн чимээгүй суулгүй харин ч үүрэг чиглэл өгч С.Зоригийн хэрэг шударга шийдэгдсэн эсэхийг хянуулах учиртай.
Гэвч наанаа Ц.Элбэгдоржтой дайсан мэт харагдах Ерөнхийлөгч маань цаана түүний “залгамжлагч” аятай үйл хэргийг нь үргэлжлүүлж байна.
С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, Б.Хурцын асуудал гээд олон зүйл дээр Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөхөөсөө ялгарахгүй байна.
Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларыг босгохын тулд Монголбанк хууль зөрчин хувийн банкинд зээл олгосон гэх бөгөөд энэ хэргийг тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үйлдсэн гэдэг.
Мөн Б.Гарамгайбаатар нарын холбогдсон Хөгжлийн банкнаас мөнгө завшсан хэрэг ч ялгаагүй яван явсаар бондын мөнгөөр худалдаж авсан гэх Эрдэнэтийн 49 хувьтай холбогддог.
Энэ бүгдэд Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагаар дамжуулан хаалт хийж, хэргийг гацаачихаад байгаа.
Одоо С.Зоригийн хэрэг. Францаас Дамирангийн Энхбатыг оргуулан авчирсан Б.Хурцыг суллуулахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд Франц, Герман, Англи Улсыг яаж зөөлрүүлж Б.Хурцыг суллуулсан нь ихээхэн анхаарал татна. Ц.Элбэгдоржийг Ангела Меркельтэй нууц тохироо хийж Б.Хурцыг авчирсан гэх бөгөөд Германы Канцлер, Европын холбооны хамгийн нөлөө бүхий улстөрч Ангела Меркелийн хувьд Англи, Францыг ядах юмгүй ятгаж чадах хүн билээ. Харин үүний хариуд Ц.Элбэгдорж түүнд юу амлав?
Санаж байгаа бол тухайн үед Монгол Улсад цөмийн хаягдал булах асуудал ихээхэн шуугиан дэгдээж, Япон Улс манайд цөмийн хаягдал булахаар боллоо гэх мэдээлэл цацагдаад удаагүй байхад Ангела Меркель анх удаа Монголыг тоож манайд оронд айлчилж байв.
Тэгвэл Ц.Элбэгдорж Ангела Меркельтэй Монголд цөмийн хаягдал булах асуудлаар тохиролцон Б.Хурцыг суллуулав уу?. Ийм тохироо хийсэн эсэхийг гагцхүү Х.Баттулга үзэх боломжтой бөгөөд 50, 60 жилээр хав дарж Төрийн нууцад хамруулсан протоколоос Ц.Элбэгдорж үнэхээр ийм тохироо хийсэн эсэхийг үзэж болох юм. Хэрвээ ийм тохироо хийсэн бол Ц.Элбэгдоржид Монгол Улс, бидний хойч үе ямар гэм хор хийсэн болоод цацраг идэвхт бодист хордох юм бол гэж харуусахаас өөр аргагүй.
Ялангуяа С.Зориг гэдэг ганц хүний амь настай холбоотой хэргийг нуун дарагдуулахын тулд ийм хэрэг хийсэн бол бүр ч гутармаар зүйл болох билээ.
Ямартай ч, Б.Хурцыг суллуулж авчирсныхаа дараа Ц.Элбэгдорж түүнийг нэлээд идэвх зүтгэл гарган байж Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьсан бөгөөд ТЕГ-ын дарга С.Зоригийг хэргийг илрүүлэв. Энд нэг зүйлийг хавчуулахад, Тагнуулын ерөнхий газар шүүхийн өмнө юуг ил болгож, юуг нууцлах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг дангаараа эдэлдэг байгууллага юм.
Эндээс Б.Хурцын тэргүүлсэн Тагнуулын ерөнхий газраас гаргаж өгсөн баримт, мэдээлэлд тулгуурлан шүүх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүж, ялын дээд хэмжээ (25 хүртэлх жилийн хорих ял) өгсөн байж болох.
Энэ бүх асуудалд бид бүхэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг л харах үлдэж байна. Түүнийг харахаас ч өөр арга байхгүй. Монгол ялсан эсэх С.Зоригийн захиалагч илрэх болон Эрдэнэтийн 49 хувь ард түмэнд очих уу, үгүй юү гэдгээр нотлогдоно.