Ай.Төмөр-Очироос С.Баярт бичсэн гунигт захидал
/ С.Баяр ба түүний ноходод /
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир Ерөнхий сайд асан С.Баярт хандан захидал бичсэнээ цахим хуудастаа байршуулжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Үрэнхий гайт гунигт гуай муугийн ёс биш Монголын ёс САЙН БАЙНА УУ л гэхээс дээ. Та ганцаар идсэн ГАХАЙ таргалахгүй гэж мэдэхгүй юү. Хөрөнгөө тат гэж ЧӨТГӨР чамд шивнэхгүй байна уу. Амь нас ХАУС – ууд хоёрын чинь аль нь үнэтэй байдаг юм. Ингэж тамд хэвтэж байх чамд сайхан уу.
Амьтны хараал идээд цаддаггүй ээ. Ичих айх, санах сэрэх мэдрэмж алга уу. Ер өмхий гайт С.Баяр аа. Нас чинь хэд билээ. Яс чинь хэнийх билээ. Цус чинь ямар билээ. Аав ээжийн нэр хугарах алаг үрсийн нүүр хагарах хамаагүй юу. Мөнгөтэй хүн мөнхрөхгүй ээ. Үхэхдээ үүрээд явахгүй ээ … гэж О.Дашбалбар хэлсэн юм.
Чи бол үүрээд л явах нь л дээ. Ханаж цаддаггүй хар мангас цадаж ханадаггүй цагаан шулам болжээ би гэж бодогдохгүй байна уу. Өөрийнхөө дотор хүнтэйгээ ярьж үзэв үү. Өрнө дорны доторх хүмүүстэй бол их л шивнэлдсэн хүн шүү чи. Та … Өөртэйгээ нэг шивнэлдэж үзээрэй хө.
Үхэх хүнд үг хэрэггүй ээ гэдэг. Тэгвэл бас үг бүү хэл үр хүүхэд чинь ч хэрэггүй шүү дээ.
Үхэл ямар нуруу төөлж шүд татах биш. Алдар нэр албан тушаал асуух биш. Авгай хүүхэн аль бүхэнтэй альбинтаж явсаныг чинь … гайхах л байх аа.
Баяраа Үнэн чамаас дэндүү хол үхэл дэргэд чинь өнгийж байна шүү хө, Одоо болно доо. Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ.
Түүх бузарлаж түмний хараал хүлхэж хэвтэх сайхан байна гэж үү. Үхсэн хойно чинь үрсийн чинь мөр дээрх мөс ус болж гэсээд хэдэн үеэрээ тэд хүний өөдөөс харахааргүй болж байгаа юм биш үү.
Үхсэний дараа ч хүнд нэр төр гэж байдаг.
Ард түмэн их ч итгэсэн. Чи биднийг тэднийг хулхидсан. Итгэл даагаагүй ээ. Тэр ч бүү хэл чи эх орноосоо урвасан. Олон ч торойнуудыг дагуулсан. Тэд чиний л мөрөөр сажилсан.
Авдарт багтахгүй мөнгө чинь авсанд багтахгүй зовлон болж чи тамд уналаа. Тамын тогооны ёроолоос чи хашгир, таван тивийн доншуучдад монголыг зарж идсэн нүгэл чинь хангалттай. Нүгэл нүдээрээ гардаг гэлцдэг.
Тэгвэл таны нүгэл нүх болгоноор чинь гоожиж дуусавч тоочиж баршгүй билээ. Санаа сохор бол нүд сохор, чих дүлий, хамар таглаатай, халуун хүйтнийг ч эс мэдэрнэм.
МЭДРЭМЖ МУУТАЙ МЭЛТИЙЖ ЯВСНААС
МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЭГТ ГӨЛИЙЖ ХЭВТЭЭРЭЙ … гэж нэгэн эрхэмд би хэлж байсан юм.
Энэ үг өөрт чинь энэ удаа яг таарч яв цав дүйлээ. Бод бод … хө. Чи дутуу л бодоод байна үү.
Шоронгийн ханаар шоргоолж гүйнэ үү. Түүнээс асуу. – Би ер нь юуг хэзээ яасан юм бэ … гэж асуу даа. Тэр чамд таарсан хариуг чинь өгнө өө.
Санжийн Баяраа чи манжийн баяр болсон шүү. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй санахгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй.
Баяр аа, Чи өнгөрснөө эргээд нэгэнтээ харна уу. Бага залуу нас, бартаа даваатай амьдрал, балгаж, салгаж, гулгаж тэшиж явсан үе чамд байгаа шүү .
Дандаа дурдан бүсээр даллуулаад, дардан замаар давхиулаад, хурдан морь шиг дүүлүүлээд байгаагүйг чинь түмэн олон мэднэ дээ. Эр хүн эр хүндээ хайртай би тэр болгоныг бичихгүй ээ.
Дөчин мянгатын дошин дээрх бурхи явсанаараа асуудалд хандаад байвал ард олон чамайг мөндөл байтугай болгоно шүү. Одоо чи хавханд оржээ. Мөнгөө төлөөд хавхнаасаа мултарч чадахгүй юу.
Тэгвэл одоо хавхандаа үхсэн тарвага л болж таарах нь дээ. Төр чамайг нудрах сонирхолгүй дээ. Чиний амь уг нь өөртөө, үр хүүхдүүддээ л хэрэг болмоор юм. Тэрнээс бусдад бол гөлөгний байтугай гөлчгийний үнэгүй шүү дээ.
Мөнгөний бузраас болж олон сайхан хүн үхэлд мордоцгоосон доо. Тэднийг нэрлэж үлдэгсэдийнх нь нүүрийг түлж, чихийг халууцуулалтай нь биш дээ.
Энэ захидалыг би элэгнийхээ цусаар бичиж байна. Санжийн БАЯР ын сайн дүү нар сайхан "гүү"-нүүд болох Ч Сайханбилэг. С.Баярцогт нараа та нар ч гэсэн таарсан таар шуудайнууд ажээ.
Улс төрд уучлалт гуйх … гэж том гарц байдаг юм шүү.
Амьнаас үнэтэй авилга, ард түмнээс үнэтэй харийнхан байна гэж би итгэхгүй л байна шүү. Орон гүрний хойморт завилж явсан та нар өнөөдөр шорон гяндангийн ёроолд "шавьж" болж хэвтэх ч гэж дээ …
Улс төрийн бузраас болж ухаанд чинь ухна ишиг үхчихээгүй бол ухаараач. Үүнийг эс ухаарваас сүүдэр чинь мөөрөх, сүнс чинь төөрөх болно шүү.
Хүний нохойд хаях … аар өөрийн нохойд өг гэдэг үгийг чи мэдэх үү. Монголын ард түмний баялгийг харьд аваачиж овоолчихоод чи амар тайван сууж яаж чадаж байна аа . Үгүй ээ. Ингэхэд чи ер монгол уу.
Миний ард түмэн чинь тэнгэр шиг уудам сэтгэлтэй зон олон шүү. Чамайг зөв ухаарвал тэврээд уйлах ч энүүхэнд шүү.
Эр хүн алдаал биз. Эрэг нэг нураа л биз …
Заан хэдий том ч
Замын аясыг дагадаг
Жанжин хэдий том ч
Олны аясыг дагадаг юм.
Хорвоо гэдэг уужим шүү.
Хожгор толгой чинь л мэдэж дээ.
Баяртай. Баяр аа. ҮРЭНХИЙ ГАЙТ АА.
Ард түмнээ төлөөлж алаг сарваа шиг арван хуруу цуцаан, ардаг бодолтой арслан тэргүүнээ агсчин байж тэрлэсэн
ЯРУУ НАЙРАГЧ, СЭТГҮҮЛЧ, ЗОРИГТНУУД ОВОГТ АЙЛТГҮЙН ТӨМӨР-ОЧИР
Хаврын адаг улаан луу сарын шинийн наймны төмөр суудалтай улаан нохой өдөр ЯРГИЖ БИШ БОРГОЖ тэрлэвэй.
2018 – 04 – 24