Дотуур байрны хүүхдүүд...
Далаад оны хөдөөгийн сургуулийн дотуур байранд цэрэг армийн зохион байгуулалтайгаар үдэш бүр оройн тоо өглөө бүр гимнастик шугам жагсаал хийж хоолондоо дунгийн хоолойгоор нэгийн цуваанд жагсаж ордог байв. Оройн тооны дараа бүгдээрээ “Дэлгэр монгол орон”-ыг нийтээрээ байнга дуулна. Сургуульд орохоос өмнө би ганц ч дуу мэддэггүй байсан ч “Дэлгэр монгол орноо Магтаж бид нар дуулахдаа” гээд л хүүхдүүдийг дагаж дуулсаар байгаад миний анхны сурсан дуу байлаа.
Өглөөний гимнастик шугам жагсаалаар салаа, бүлгээрээ илтгэл рапорт өгч, бөмбөрийн аянд “Бүхий олон багачуудаа Бүрхсэн улаан цэцэрлэгт ээ…” гээд дуулж сурсан нь хоёрдахь дуу.
Миний эх оронч болон бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил тэр үед “Дэлгэр Монгол орон” сүлд дуу, шугам жагсаал, оройн тоо, өглөөний гимнастик, баатарчууд, пионероор төлөвшиж эхэлсэн ч дотуур байранд тасралтгүй үргэлжлэх бөхийн барилдаан, нударган зодооны тэмцээнээр бас их бэхжиж байж. Байранд хийх юмгүй тул үе үе “мэргэжлийн бокс”-ын тэмцээн зохиож, хоорондоо жинхэнээсээ зодолддог байв. Гэхдээ ахлах ангийнхантай бус, нас насаараа, хоёр хоёроороо шударгаар зодолддог байв. Мэргэжлийн боксын тэмцээн өөрийн гэсэн дүрэмтэй. Мод чулуу бээлий хэрэглэхгүй өшиглөхгүй өвдөглөхгүй дэвсэхгүй зөвхөн улаан гараараа үзнэ ядарсан бол хэн нэгнийх нь хүсэлтээр түр амарна нармай нээсэн л бол ялсан ялагдсанд тооцно гэх мэт.
Тиймээс хамгийн гол нь нармайгаа хамгаалах нь их чухал. Зуны амралтаараа ч бэлтгэлээ сайн базаахын тулд бид бригадын хадлан дээр үдийн унднаар нэг цаг амрахын оронд бүтэн цаг хиртэй зодолддог байв. Хадлан дээр үеийн хэдэн нөхөдтэйгөө нийлж барилдаж зодолдож, бороотой үед хадлан хадахгүй тул айлын эзэнгүй эмнэг үрээ даага бугуйлдаж барин чихдэж, цоровдож байгаад эмээл хазааргүй мордож, буруу зөрүү харж суун булгуйлж тоглодог байв. Тэгээд шөнө орой болохоор эр биес нь гүйцэж, эд эс нь ч боловсорч амжаагүй хэдэн халтар ухнан ишиг шиг юмнууд нийлээд чадахгүй байжээч охидуудын майхны хаяа хатавчаар дэмий л өнгөлзөж салхи сэвэлзүүлэхээ бас мартахгүй.
Дотуур байранд гэдэс их өлсдөг тул гадуур сэлгүүцэж айлын түлээ түлш хөрөөдөх, ус зөөх зэргээр бор гэдсээ божийлгоно. Олон сараар бага сургуулийн дотуур байранд хашигдах хүүхэд бидний баяр хөөртэй үеийн нэг бол аавууд хөдөөнөөс хааяа нэг ирж Жунхаа тараах явдал байв. Жунхаа гэдэг нь ээжүүдийн хийж бидэнд явуулсан чихэр боов, ааруул өрөм гэх мэт зүйлийг багтаасан нэгэн бодлын илгээмж юм даа.
Гуравдугаар ангид байхдаа нэг удаа манай ангийн Гайтав бид хоёр гэрээс нь илгээмж, бас хэдэн төгрөг ирсэн доод ангийн Монхор Бямбадоржыг шордож байгаад сумын дэлгүүрээс загасны консерв авахуулан гурвуулаа сургуулийн уул овоо шиг хураасан шавганы орой дээр гараад задалж идэх юм аядаж байхад тээр холоос сургуулийн захирал Гомбосүрэн Гомоо “Хай тэр шавган дотор толгой нь гоголзоод байгаа нөхдүүд гараад ир” гээд л хашгирч байна. Гайтав бид хоёр хэзээний хашир бурхи мэт доош нуугдмагц, Бямбадорж годос хийн босоод гүйн Гомоо дээр очтол захирал чихдэн өрөөндөө дагуулаад орж байгаа харагдав. Бид хоёр консерваа айван тайван задалж идчихээд нөхрийг яасан бол хэмээн захирлын өрөөны цонхоор сэмхээн шагайтал Бямбадорж маань захирлын өрөөны ханан дахь том бугын эвэрнээс бүсэлхийгээрээ өлгөөтэй, дөрвөн мөчөөрөө тийчигнэн нус нулимсандаа хутгалдсан байдалтай байхыг хараад хоёул нуг нуг инээн алга болж билээ.
Дотуур байр, бага сургуулийн дэглэм хатуу ч Яагаад болохгүй гэж гэсэн мэт дүрэм журмыг заавал зөрчих гээд байдаг явдал их л дээ. Тухайлбал, сургуулийн хүүхдүүд сумын клубт оройн цагаар кино үзэх хориотой байлаа. Тэгтэл би нэг удаа том хүмүүстэй шөнө оройн цагаар кино үзмээр санагдаад киноны билетээ үзүүлээд орж байгаа том хүний дээлийн хормойн дотор нуугдаад клубт орж, кино үзсэн ч юм байхгүй тэгэсхийгээд суудал дээрээ нам унтаад өгөж. Нэг сэртэл үүр цайж өглөө болсон, эргэн тойронд хэн ч байхгүй, сумын клубын хаалга гаднаасаа таг цоожтой байхаар нь цонхоор гараад байрандаа ирж билээ.
Байранд байхдаа олуулаа дарвиад моодны хойноос их хөөцөлдөнөө. Гэхдээ энэ нь хувцас хунар биш харин аливаа нэг юм цуглуулах хообий байсан юм болов уу.
Тухайлбал маатагны цохиур мод, жижиг алаг бөмбөг, цэнхэр голтой хол тусдаг гар чийдэн, орос цэргийн ременэн бүс гэх мэт байснаа сүүлдээ нэг үе машины лампчик цуглуулах явдал моод болоод явчихваа. Хэн олон лампчиктай нь тэр Атмаанд тооцогдоно. За тэгээд үүний тулд бид шөнөжингээ гадуур тэнэж ах дүү хамаатан саданых ч гэлтгүй нэгдлийн хэдэн жолооч нарын машины том жижиг лампыг тэсгээлгүй ухаж төнхөн хулгайлсаар байгаад сүүлдээ жолооч нарын хараанд өртөн тэд бидэнд дайн зарлахийм болов. Нэг удаа Баавгай /Скаут, хүүхдийн Баавгай багш гэдгээр хүмүүс андахгүй болов уу/, Баярсайхан /Бор өндөрийн Засаг дарга/ бид гурав тэдний хүргэн ахынх нь ГАЗ-53 машины лампчикийг шөнө дөлөөр ухаж байгаад отоонд орон баригдан, зугтааж сумын төвийг гурав тойрч хөөгдөн сүүлдээ дотуур байрныхаа орон дороос чихдүүлж билээ /зураг дээр дотуур байрны хүүхдүүд тавиад жилийн дараа/.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт