Амжилттай оюутнууд бусдаас ямар давуу талтай байдаг вэ?
Төрөлхийн авьяас чадвар, оюуны чадамж зэргийг эс тооцвол амжилттай оюутан байхын гол үндсэн нь зөв хандлага байдаг. Эерэг хандлагатай, зөв бодолтой оюутнууд хэцүү “давааг” ч амархан давж, үүнийгээ дагаад стресст өртөх нь ч цөөн байдаг байна. Тэгвэл тэд аливаа зүйлийг хэрхэн хүлээн авч, яаж ханддаг вэ?
1 Аливаа үүрэг, даалгаварыг боломж гэж хардаг
Зарим оюутнууд багшийн өгсөн үүрэг даалгаварыг ялын тогтоол мэт хүлээн авдаг. Үүнээс болоод түүнийг гүйцэтгэх явцдаа ч ял эдэлж байгаа мэт стресстэн, хурдхан хийж дуусахыг чухалчилдаг тул үр дүн нь ч төдийлөн сайн гардаггүй.
Харин эерэг хандлагатай оюутнууд хийж буй зүйлээ өөрийгөө сорих, өөрийн авьяас чадварыг харуулах боломж гэж үздэг.
Хийсэн зүйл нь багшийн болон бусад оюутнуудын өмнө өөрийг нь илэрхийлсэн нэрийн хуудас болно гэж үзсэний үндсэн дээр түүнд ач холбогдол өгч, хичээн сайн гүйцэтгэдэг. Гэвч хамгийн гол нь үүрэг даалгаварыг хүнд хэцүү гэж хүлээж аваагүйн ачаар хийх явцдаа тайван, тогтвортой байж, амар хялбараар даван туулж чаддаг байна.
2 Өөриймсөг ханддаг
Сөрөг хандлагатай оюутнууд хийж буй зүйлээ багшид зориулж хийдэг бол, зөв хандлагатай оюутнууд өөртөө зориулан гүйцэтгэдэг. Учир нь зөвхөн багшид үзүүлж, тооцуулан дүн авах нь практик ач холбогдолгүй бөгөөд нэгэнт цаг заваа зарцуулан хийж байгаа тохиолдолд өөртөө зориулж, зарцуулсан цаг хугацааныхаа ашиг шимийг хүртэх зорилгоор хийх нь мэдлэг үлдээж чаддаг. Тиймдээ ч өөртөө зориулан хийж байгаа гэж бодоход үр бүтээмж нь хүртэл дээшилдэг “би” төвт үзлийг ашиглан амжилттай суралцдаг байна.
3 Сэтгэлээсээ хийдэг
Амжилттай оюутнууд аливаа зүйлийг хийхдээ хүний нүд хуураад өнгөрөх биш, нүдийг нь бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэхээр бүтээлч хандахыг зорьдог. Энэ чинээгээр чанартай зүйл хийдэг бөгөөд багш нар байтугай жирийн оюутнуудад ч хичнээн их хөдөлмөрлөж, сэтгэл гаргаж хийсэн нь илт мэдэгдэхүйц байдаг.
Тийм ч учраас гаргасан сэтгэлийнхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлээд зогсохгүй цаг хугацаа зарцуулж, сэтгэл гарган хийх явцдаа олсон мэдлэг нь өөрөөс нь хаашаа ч “зугтдаггүй” байна.
4 Өөртөө итгэлтэй
Өөртөө итгэлгүй байна гэдэг нь гаргасан хөдөлмөр, зарцуулсан цаг хугацаа, түүнд хандсан хандлага зэрэг нь хангалтгүй байснаас үүдэж болно.
Харин тухайн зүйлдээ хангалттай сэтгэл шингээж, цаг зарцуулж, бүрэн гүйцэтгэж, бэлэн болсон тохиолдолд, товчхондоо бол бэлтгэл хангалттай үед сандарч, тэвдэх нь багасдаг.
Гэвч зарим оюутнууд үнэхээр сайн хийж гүйцэтгэсэн хэрнээ түүнийгээ хүнд хүргэх, итгүүлэн үнэмшүүлэх чадвар муу байдгаас бэлтгэл дутуу мэт харагдан, хөдөлмөрөө талаар болгох тохиолдол байдаг тул өөртөө итгэлтэй байдал чухал юм. Тиймдээ ч чадна гэдэгтээ итгэхэд туулах замын тал нь ард үлддэг гэдэг. Хэрвээ аливаа зүйлийг хийхдээ өөртөө итгэлтэй байж чадвал, түүнд хүний оюун санаа бэлтгэгдэн, төвлөрч гүйцэтгэл сайн болдог байна.
5 Шантардаггүй!
Сөрөг хандлагатай оюутнууд шантрах эрхгүй хэрнээ шантардаг. Өөрөөр хэлбэл шантарна гэдэг нь өөрөө тодорхой хэмжээнд хөдөлмөрлөсний эцэст гарах ёстой үр дүн юм.
Гэтэл зарим оюутнууд хичээлээ хийн шөнөжин сууж үзээгүй, түүнийг чадахын төлөө хангалттай оролдлого хийгээгүй, болохоос нь болохгүй хүртэл явж үзээгүй хэрнээ ганц, хоёрхон удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэний төлөө шантардаг.
Харин амжилттай оюутнууд тухайн зүйлээ бүтээхийн төлөө цуцалтгүй явдаг бөгөөд хэрвээ бүтэлгүйтвэл хангалттай хичээл зүтгэл гаргаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч чаддаг тул тийм ч хүндээр тусгаж авдаггүй. Тиймээс энэхүү сэтгэлийн хат нь тухайн зүйлээ дахин турших эсвэл өөр шинэ зүйл сонгон оролдох боломжийг өгдөг байна.
6 Боломжийг алддаггүй
Оюутнуудад тэтгэлэг, ажлын байр, уралдаан тэмцээн, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг маш олон боломжууд нээлттэй байдаг.
Сөрөг хандлагатай оюутан боломж бүрээс бэрхшээлийг олж харж, бүтэхгүй хэмээн хойш суудаг бол эерэг хандлагатай оюутан бэрхшээл дундаас ч боломжийг харж чаддаг бөгөөд, заавал тэнцэх, түрүүлэх гэхээсээ илүү өөрийгөө сорих, туршлага хуримтлуулах зэргийг чухалчилдаг.
Тиймээс чадах чадахгүйн тал дээр хэт ач холбогдол өгөлгүй, үзээд алдсаар, эцэстээ тэр нь туршлага болж, амжилтад хүрэх эхлэлийг тавьдаг ажээ.
Энэхүү нийтлэлээр амжилттай оюутнуудын зөвхөн хандлагыг авч үзлээ. Гэвч энэ нь ямар ч авьяас чадвараас дутахааргүй чухал бөгөөд та ч мөн аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөөд үзвэл үр дүнг нь бишрэх болно. Хүн юу тарина, түүнийгээ л хураана гэдэг. Аливаа зүйлд эерэг, зөв сэтгэлээр хандвал үр дүн нь ч мөн эерэг байх нь эргэлзээгүй.