Цэцэрлэг
Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа. Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ.
Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: “Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно.” Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй байжээ. Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа.
Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод “Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй” гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод “Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог” хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв. Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан жижгэрсэн нөгөө том мод атаархсандаа хатаж эхэлжээ.