Насанд хүрээгүй хүн, бага насны хүүхэд хохирсонтой холбоотой гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг судалжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2016, 2017 он, 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар тус дүүргийн хэмжээнд насанд хүрээгүй, тэр дундаа бага насны хүүхэд хохирсонтой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг судалжээ.
Судалгаагаар тус дүүрэгт насанд хүрээгүй, бага насны хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг 2016 онд 46, 2017 онд 53, 2018 оны эхний улирлын байдлаар 17, нийт 116 гарсанаас золгүй байдлаар амиа алдах, орчиндоо аюул учруулж болзошгүй амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаас гэмтэл авсан хэргийн тоо буурч, харин хүчиндэх, хулгай, дээрэм, залилангийн гэмт хэргийн улмаас хохирсон хэргийн тоо өссөн болохыг тогтоосон байна. Тухайлбал:
2017 онд мөрдөн шалгах ажиллага явуулсан нийт 2213 хэргийн 2.4 хувь буюу 53 хэрэгт насанд хүрээгүй, бага насны 54 хүүхэд хохирсон нь өмнөх оныхтой харьцуулбал хэргийн тоо 7-оор өсч, харин хохирсон хүүхдүүдийн тоо ижил түвшинд байна.
2018 оны эхний улирлын байдлаар гарсан бага насны хүүхэд хохирсон хэргүүдийн хамгийн өндөр буюу 23 хувийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх”, 18 хувийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 12 хувийг мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”, 12 хувийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах”, 5 хувийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн тоо эзэлж байна.
Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй 17 хэргийн улмаас 18 хүүхэд хохирсны 33 хувь нь эмэгтэй, 67 хувь нь эрэгтэй. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, газар, орчныг судлаж үзвэл, 59 хувь нь гудамж талбайд, 41 хувь нь гэр оронд, 31 хувь нь орон сууцны орцонд тус тус үйлдэгджээ.
Дээрх төрлийн гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл нь бага насны хүүхдүүдэд сургуулийн орчинд сурган хүмүүжүүлэгч нар, гэр ахуй, олон нийтийн газруудад эцэг, эхийн зүгээс тавих хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, нөгөөтэйгүүр хүүхдүүд интернет орчинд хяналт, хязгаарлалтгүйгээр нэвтэрдэг зэрэг байдлууд нөлөөлдөг байна.
Судалгааны дүнг дүүргийн ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад гарч буй зарим алдаа зөрчлийг засуулах, энэ төрлийн гэмт хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэх, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр харьяа Цагдаагийн хэлтсүүдэд албан бичиг хүргүүлэх, судалгааны дүнг Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд, гэмт хэрэг ихээр гарч буй дүүргийн хороод, Гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.