Монголын эдийн засаг болон банкны салбарт тулгараад буй эрсдэлүүд буурчээ
"Фитч" (Fitch) агентлагаас 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын банкны сектор болон эдийн засгийн эрсдэлийн талаар хэвлэлийн мэдээ гаргасан байна. Уг мэдээнд манай улсын банкны тогтолцоонд хийсэн Активын чанарын үнэлгээ, БНХАУ-ын хил дээрх гаалийн нэвтрэн өнгөрөх хурдны удаашрал, 2018 оны эдийн засгийн төлөв, төсвийн сахилга бат зэрэг чиглэлээр үнэлэлт өгчээ. "Фитч" агентлагийн гаргасан хэвлэлийн мэдээг энд тоймлон хүргэж байна.
Активын чанарын үнэлгээ (АЧҮ)-г хийснээр банкны секторын өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой тодорхойгүй байдал буурчээ
ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн АЧҮ-ний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан. ОУВС-гаас 2017 онд банкны секторын шаардлагатай хөрөнгийн хэмжээг ДНБ-ний 7.0 хувьтай тэнцэнэ гэж төсөөлж байснаас эерэг үр дүн гарсныг онцлоод, АЧҮ-ний хүрээнд хийгдэж буй стресс тест нь банкуудын гүйцэтгэлийг сайжруулна хэмээн тус агентлагаас үзэж байна.
Нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөөд байсан БНХАУ-ын хил дээрх удаашралыг шийдэхэд ахиц гарснаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй байсан эрсдэлийг бууруулсан
2017 оны сүүлээр нүүрсний экспортын хэмжээ эрс буурч байсан бол 2018 оны гуравдугаар сараас экспортын хэмжээ эргэж өссөн нь нөлөөлсөн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсны дараа боомтын асуудалд ахиц гарснаар эрсдэл буурах нөхцөл бүрдсэн гэжээ.
2018 онд эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2017 оны гүйцэтгэлээс бага зэрэг доогуур буюу 4.5 хувьтай байна
Монголбанкны хараат бус байдлыг хууль эрх зүйн түвшинд нэмэгдүүлж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр банкны хяналт шалгалтын тогтолцооны эрсдэлийг бууруулах алхам болж байгааг дурджээ. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрээр бодлогын хүүг 10 хувь болгож бууруулан, банкны заавал байлгах нөөцийн хэмжээг төгрөгийн хувьд 10.5, гадаад валютын хувьд 12.0 хувь болгож ялгаатай тогтоож өгсөн нь санхүүгийн долларжилтын эсрэг авч байгаа арга хэмжээ юм.
Эдийн засаг сэргэж, төсвийн сахилга бат сайжирч байна
Тус агентлаг 2017 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ 2018 онд төсвийн алдагдал ДНБ-ий 7.3 хувьтай тэнцэнэ гэж төсөөлж байсан ч гүйцэтгэлээр Монгол Улсын төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 1.9 хувь болж буурсан байна.