Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулсан. Хэвлэлийн эрх чөлөөгөөр манай улс өмнөх оноос хоёр байраар ухарч, 71-т бичигджээ.
Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан, чагнасан, автомашин руу нь буудсан гэх асуудал “босч” ирлээ.
ТЕГ-аас энэхүү асуудалд шалгалт явуулж, илрүүлсэн гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл өчигдөр тагнасан, чагнасан асуудлаар Нийслэлийн Прокурор мэдээлэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч тайлбар өглөө. Энэ асуудлыг тойрсон эх сурвалжуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
Г.Бясман: ХУУЛЬ ЗӨРЧИЖ СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан хяналтын прокурор Г.Бясман өчигдөр мэдээлэл өглөө. Тэрээр “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокурор хэргийг хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Уг хэргийн захиалагч нь Ц.Нямдорж сайд гэсэн мэдээлэл цахим орчин болон хэвлэлээр гарч эхэлсэн.
Иймээс “Захиалагч нь Ц.Нямдорж сайд юм биш үү” гэж асуухад хяналтын прокурор Г.Бясман “Одоогоор хэлэх боломжгүй” гэлээ. Яллагдагчаар татсан, эсэхийг лавлахад “Эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг шалгаж байна” гэсэн бол Цагдаагийн хэчнээн албан хаагч холбогдоод байгааг мөн хэлэх боломжгүй гэсэн юм.
Ц.Нямдорж: БИ НЭГ Ч СЭТГҮҮЛЧИЙГ ТАГНАЖ, ЧАГНАЖ БАЙСАН УДААГҮЙ
Үүнчлэн өчигдөр өдрийн 14.00 цагийн үед Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар тайлбар хийлээ.
- Таныг хууль хяналтынханд нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнах үүрэг өгсөн гэх мэдээлэл байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
- Би сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж ийм зүйл хийж байгаа. Улс төрд зүтгэх 27 жилийн хугацаанд нэг ч сэтгүүлчийг гүтгэж, нэг ч сэтгүүлчийг шүүхэд дуудаж байсангүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ямар балиар үйл ажиллагаа явагдсаныг би баримтаар дэлгэн мэдээлэл хийсэн. Хүний цогцсыг айлын хашаанд аваачиж хаясан гэдгийг ярьж эхэлснээс хойш намайг ер амраахаа больсон.Үүнтэй холбоотойгоор айлган сүрдүүлэх үйл ажиллагааг эх захгүй хийж байна. Үүний цаана цөөн хэдэн хүн бий. Өөрсдийн муу муухайг далдлах гэсэн үндсэн санаа юм.
- Та энэ асуудлыг прокурорын газарт тавьсан уу. Таныг зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа асуудлын цаана хэн байгаа гэж харж байна вэ?
- Машины дугуй руу буудсан гэдэг нь ямар учиртай юм, юу яригдаад байгаа юм, энэ талаар судалж, хэвлэлийнхэнд үнэн зөв мэдээлэл өгөөрэй гэж цагдаагийнханд хэлсэн. Хамгийн харамсалтай нь манай цагдаагийн нэг албан хаагч бурхан болсон. Эрүүгийн цагдаагийн газрын дарга залуу Солонгост хүнд хагалгаанд ороод байхад тэр залууг хардаж, хэрэг үүсгэсэн. Тэр залуу Монголд ирээд хоёр хоноод тархиндаа цус харваж нас барсан. Бие муу байхад нь хүүхдийг нь сургууль дээр нь очиж хоргоосон. “Аав чинь хаана байна” ингэж л айлган сүрдүүлсэн. Тэр залуугийн нэрийг өнөөдөр тараасан гүтгэлэгтээ оруулсан байна лээ. Ер нь аймшигтай юм болж байна шүү. АТГ-аас Л.Болд, Ж.Батзандан нарыг дуудаж байцаалаа. Өнөөдөр ийм зүйл хийж байна. Үүний цаана Нямдорж байгаа л гэж харуулах гэсэн хэрэг. Гүтгээд байгаа хүмүүсийн нэрийг цаг нь болохоор хэлнэ.
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та хоёрыг огцруулах саналаа АН-ын бүлэг тавилаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Чуулган дээр би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай энэ тухай ярьж байгаад гарч ирлээ. “Чи “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах тогтоолд гарын үсэг зурсан байдаг. Тэрийг чинь би шалгасан. Одоо чи намайг огцруулах асуудлыг тавьдаг нь ёс зүйтэй юм уу” гэх утгаар. Эрдэнэтийн асуудал дээр 49 хувийнхны тэвчээр нь барагдаж байх шиг байна. Өдрөөс өдөрт ийм зүйлүүд гарч ирээд байна. Миний хүүхэд нэг нь бизнес хийдэг юм л даа. Тэр компанийн материалыг хүртэл 2017 оны нэгдүгээр сард хууль бусаар татаж авсан байсан.
Надаар, миний танил хүмүүсээр оролдож байна. Сэтгэл зүйн асар их дарамтад байлгах гэж бодож байна. С.Зориг амьд сэрүүндээ иймэрхүү байдалд бүтэн жил амьдарсан юм. О.Дашбалбар, дараа нь талийгаач М.Зэнээ бурхан болохынхоо өмнөх жилүүдэд яг ийм байдалтайгаар хэдэн жил амьдарсан юм. Тэгэхээр тэр байдал над дээр ирж байгаа юм болов уу гэж бодогдож байна шүү.
Д.Мандахбаяр: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭЛ АВАХААР АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН
Үүний дараа өдрийн 15.00 цагийн үед МСНЭ-ээс сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудалд мэдээлэл өгсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан гэсэн мэдээлэл тарж эхэлсэн. Бид анхааралтай ажиглаж байсан. Мэдээлэлд нэр дурдагдсан зарим сэтгүүлчтэй холбогдсон. Гэтэл бидэнд ч ямар нэг мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгч байна. МСНЭ-ээс нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдье. Нэгдүгээрт, хэрэв сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж чагнасан асуудал байвал үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана” гэв. Прокурорын байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас албан ёсны лавлагаа мэдээлэл хүссэн бичиг явуулсан байна. Тэрээр Сэтгүүлчиддээ хандаж хэлэхэд салбарын төв байгууллагадаа бичгээр биш юмаа гэхэд ирж уулзаад албан ёсоор ямар асуудал байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Манай байгууллага сэтгүүлчийн эрх ашгийн төлөө явах үүрэгтэй байгууллага” гэсэн юм. Сэтгүүлчдийг тагнасан чагнасан, автомашин руу нь буудсан гэх асуудал өчигдөр иймэрхүү байдлаар өрнөлөө.
Ч.Олдох, Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин