Орхон аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Батхуяг томилогдлоо
2018 оны 4 дүгээр сарын 23-нд Орхон аймгийн Ардчилсан намын дарга Д.Алтанхуяг үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гарган, өргөдлөө өгсөн гэнэ. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 26-нд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Орхон аймагт хүрэлцэн ирж, Д.Алтанхуяг даргыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох үүрэг гүйцэтгэв.
Ажил хүлээлцэх үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Д.Алтанхуяг дарга өөрийн хүсэлтээр ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа нь санаандгүй явдал байлаа. Өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд Орхон аймгийн Ардчилсан нам ахиц дэвшил, хөдөлмөр зүтгэл, ажлын амжилтаараа 21 аймагтаа манлайлж байсныг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Орхон аймаг үнэмлэхүй ялалт байгуулж улсын хэмжээнд тэргүүлж чадсан. Мөн 2017 оны ажлын үзүүлэлтээрээ улсын хэмжээнд дэд байранд шалгарсан нь намаа хэрхэн удирдан зохион байгуулж байсны үр дүн гэдгийг харж болох юм” хэмээн онцолсон юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тушаалаар Орхон аймгийн Ардчилсан намын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдож буй Ц.Батхуягт Д.Алтанхуяг ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ хүндэтгэлтэйгээр гардуулаад, “Сайн ажилана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Түүнчлэн намын гишүүд, дэмжигчиддээ хандан “Өнгөрсөн хугацаанд дэмжиж, туслан, хамтран ажилласанд баярлалаа. Та бүхнийхээ ачаар олон үйл ажиллагаа, хэд хэдэн сонгуулийг амжилттай давж, амжилт бүтээл арвин, үр дүн нь өндөр байлаа” гэсэн юм.Д.Алтанхуяг Орхон аймгийн Ардчилсан намын даргаар 1 жил орчим ажиллахдаа хэд хэдэн чухал ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.
Тухайлбал, Орхон аймгийн нам шинэчлэлийн үйл ажиллагааг эрчимтэй гүйцэтгэж, гишүүн төвтэй бодлогын нам болох зорилт тавин амжилттай ажилласан. Түүнчлэн ахмадын цайны өдөрлөг, Hiking явган алхалтын клуб, Спорт-Эв нэгдэл клуб зэрэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, гишүүдээ идэвхжүүлэн, тогтмол хамруулдаг болсон. Мөн орон нутгийн намуудаас анх удаа дэргэдээ тогтмол хэвлэл, сошиал багтай болж гишүүдээ мэдээллээр хангах, сөрөг намын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх мэдээлэх үй ажиллагаа явуулж ирсэн ажээ.Хамгийн чухал нь Орхон аймгийн Ардчилсан нам дэргэдээ Бодлогын салбар зөвлөл байгуулан, 6 хорооны хүрээнд нам, аймаг, орон нутгийн одоогийн үйл ажиллагаа, хэтийн төлөвлөлтөд бодлого шийдвэр гарган ажиллаж, багагүй үр дүнд хүрлээ.
Мөн 21 аймгийн хэмжээнд өөрийн санаачилгаар намынхаа үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, амжилттай үргэлжилж байгаа гэнэ.Үйл ажиллагаа, гишүүдийн оролцоог ханган ажиллахаас гадна гишүүдийн мэдлэг боловсролд анхаарал хандуулж сургалт судалгааны олон талт үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулдаг болсон нь гишүүдийн талархлыг хүлээсэн ажлуудын нэг юм байна.
Д.Алтанхуяг ийнхүү ихгүй хугацаанд багагүй ажил цогцлоон, бодит үр дүнд хүрч чаджээ.Орхон аймгийн Ардчилсан намын даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Батхуяг нь Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны гишүүнээр ажилладаг. Мөн Баян-Өндөр сумын АН-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ гэж Ардчилсан намаас мэдээллээ.