Дугуй уулзвар нэвтэрч чаддаггүй нь “дөрвөлжин сэтгэхүй”-тэй холбоотой
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийслэл хотод нийт 6897 зам тээврийн осол бүртгэгдсэний 98.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан байна. Үүнээс 1600 осол нь тээврийн хэрэгсэл жолоодогч уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үүдсэн нь нийт шалтгааны хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Замын цагдаагийн албаны 2018 оны нэгдүгээр улирлын мэдээлэл
Ер нь Улаанбаатар хот дахь уулзваруудаас хүн гэмтэж, энддэггүй юм аа гэхэд хамгийн их автомашин мөргөлдөж, шүргэлцдэг цэг бол аюулгүйн тойргууд. Үүний тод жишээ нь Замын цагдаагийн албанаас явуулсан судалгаагаар нийслэлийн хамгийн их осол гардаг цэгээр Саппорогийн тойрог нэрлэгдэж, тус тойргийг 2013 онд дөрвөн замын уулзвар болгон өөрчилсөн билээ. Түүнээс хойш осол эндэгдэл буураад зогсохгүй замын түгжрэл ч мөн багассан.
Тэгвэл үүний шалтгааныг Монголын угсаатан зүй судлаачид “дөрвөлжин сэтгэлгээ”-тэй холбон тайлбарласан байна. Хөдөө орон нутагт бол ямар ч өнцөг байхгүй тал газар тул "дугуй сэтгэлгээ" ноёлдог ажээ. Харин нүүдлийн соёл иргэншлээс салж, суурин амьдралд дасаад удаж байгаа нийслэлчүүдийн хувьд барилга байшингаас эхлээд бүх зүйл өнцөгтэй, дөрвөлжин зохион байгуулалттай байх тул түүнд дасан “дөрвөлжин сэтгэлгээ” хот газарт бий болдог ажээ. Үнэхээр ч өнөөдөр нийслэл хотод дугуй дүрстэй зүйл гэвэл цэцгийн мандал, аюулгүйн тойрог зэргээс өөр зүйл бараг л ажиглагдахгүй. Тиймээс оффисын өрөөндөө хүртэл дөрвөлжин тасалгаагаар халхлан сууж, энэ байдалдаа дассан хүмүүст аюулгүйн тойрог зэрэг дугуй хэлбэрийг ашиглахад хэцүү байдаг бөгөөд замын хөдөлгөөний дүрмийг нь тогтоохоос эхлээд асуудал тулгардаг байна.
Тийм ч учраас Сансрын аюулгүйн тойрог, 32-ын тойрог, Баянбүрдийн тойрог зэргээр нэвтрэх үед жолоочид дүрмээ мэдэхгүй будилж, бүгд өөрийгөө гол зам талаас яваа, давуу эрхтэй мэт ойлгон, нэгэн зэрэг зүтгэдгээс жинхэнэ “эр зоригийн уулзвар” болон хувирдаг. Үүний улмаас олон осол гарч, автомашинууд шүргэлцдэг билээ. Тиймээс суурин амьдралд тогтсон “дөрвөлжин сэтгэлгээ”-тэй, тойрог хэлбэрийн уулзварууд тохирохгүй байгаа тул Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон өөрчилсөн шиг бусад тойргуудыг өөрчилбөл автомашин шүргэлцэх, мөргөлдөх тохиолдлын тоо цөөрөх боломжтой юм.