Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлжээ
ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 ам.долларыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүлсэн байна.
Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч доллар байсан нь тогтоогдсон юм. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харъяалалын дагуу хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхааруулж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.