Банкуудтай тэмцэх ажлыг АН эхлүүллээ, одоо МАН улам бууруулах уу?
Өнөөдөр Ардчилсан нам "боловсон мөнгө хүүлэгчид" болох арилжааны хэдэн банкны зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан бөгөөд “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төсөл нь:
Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь бодлогын хувьд оновчтой шийдэл гэж үзсэн байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгажээ.
Түүнчлэн банкуудын одоогийн мөрдөж буй зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг дорвитой шийдвэрлэсэн хязгаарын түвшинг шууд заах, хуулийн үйлчлэх хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, ломбард зэрэг зээлдүүлэгчид, тэдгээрийн зээлийн үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна.
Мөн зээлийн үйл ажиллагаанд хязгаараас илүү гарсан хүү тогтоож мөнгө хүүлэхийг, зээл олгох, сунгах, бэлэн мөнгө гаргах зэрэгт шимтгэл хураамжууд тогтоож хэрэглэгчээс авах зэргийг хориглосон заалтууд, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалтууд туссан байна.
Энэ хууль батлагдсанаар зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна" гэж төсөл санаачлагч үзжээ.
Ямартай ч, дээр дурдсан чухал зээлийн хүүнүүд цөөн ч гэсэн хэдэн хувиар буурах бололтой. Түүний дотроос иргэдийн хамгийн их авдаг цалингийн зээлийн хүү 22.8 хувиас 4.8 хувиар буурч 18 хувь болох төлөвтэй байна. Одоо үйлчилж буй жилийн 22.8 хувийн хүү нь маш хүнд тусч байгааг хүмүүс хэлдэг.
Ардын нам орон сууцны зээлийн хүүг 8 хувиас бууруулж 5 хувьд хүргэхээр ажиллаж байгаа энэ үед Ардчилсан нам бусад амин чухал зээлийн хүүнүүдийг бууруулж, эрх баригчидтай барьцав.
Аль аль нь л ард түмэнд таалагдахыг хүсч байна. 2020 оны сонгуулиар хоёр нам "Аль нь зээлийн хүүг илүү бууруулах вэ" гэдгээр өрсөлдөж ч магадгүй юм.
Нөгөө талаас нэг нь нэг юм хийх гэхээр нөгөөх нь түүнээс давж амалдаг манай тогтолцооноос харахад АН зээлийн хүүг бууруулахаар нэгэнт оруулаад ирсэн учраас МАН үүнээс илүү бууруулж, олон нийтэд таалагдах гэх нь ойлгомжтой. Аль нь ч байсан бидэнд ашигтай. Учир нь бага ч атугай буурах гэж байна.