Зарим эрхтнийг мухар олгойгоор "орлуулж" болно
Хүн төрөлхтөнд агт араа, ахар сүүл, мухар олгой гурав илүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Тиймдээ ч мухар олгойг илүүдэл эрхтэн гэж үзэн, зарим хүмүүс ямар нэг хэвлийн хөндийн мэс засалд орох үеэрээ мухар олгойгоо өвчлөөгүй байхад нь авхуулах тохиолдол ч байдаг билээ. Тэгвэл эрдэмтэд мухар олгойг огт хэрэггүй эрхтэн биш харин “нөөц” эрхтэн болгон ашиглаж болохыг илрүүлсэн байна.
1 Давсаг нөхөн сэргээх
Давсагны хавдар, саажилт зэрэг янз бүрийн шалтгаанаар давсгаа авхуулсан хүмүүст тулгардаг гол бэрхшээл бол шээсээ хуримтлуулж, барих чадваргүй болох явдал юм. Энэ тохиолдолд давсагны нөхөн сэргээх хагалгаанд мухар олгойг нөөц эрхтэн болгон ашиглах боломжтой ажээ.
Учир нь мухар олгойд “спинктер” буюу цагираг хэлбэрийн булчин байдаг бөгөөд энэхүү булчин нь хөндий дотроо байгаа аливаа зүйлийг барих, хаах замаар агшдаг булчин юм. Энэхүү өвөрмөц бүтцийг нь ашиглан хагалгаанд нарийн гэдэсний тодорхой хэсгийг давсаг болгон орлуулж, харин мухар олгойгоор “спинктер” булчинг нь нөхөн сэргээснээр шээсээ барих болон хуримтлуулах боломжийг бий болгодог байна.
2 Шээс дамжуулах зам нөхөн сэргээх
Шээс дамжуулах зам нь сунадаггүй, хагалгааны үед оёж болдоггүй учир гэмтсэн тохиолдолд бөөртэй нь хамт авах эсвэл гуурс тавихаас өөр аргагүй бөгөөд энэ нь хүнд хэлбэрийн үрэвслүүдийг бий болгох зэрэг гаж нөлөө ихтэй байдаг. Харин мухар олгойгоор шээс дамжуулах замыг орлуулах боломжтой болсноор энэ бүх эрсдлээс зайлсхийх боломж бий болжээ.
Мухар олгойг нөхөн сэргээх хагалгаанд ашиглах санааг анх 1991 онд Английн эмч Виллер, Малонэ нар дэвшүүлж байжээ.
3 Амжилттай болсон нөхөн сэргээх хагалгаа
Өвчтөн Даниэлэ болон эмч Жан-Хонг Ким
2012 онд Солонгосын эмч Жан-Хонг Ким (Ja-Hong Kim) нь Даниэла Счирмер (Daniela Schirmer) гэх бүсгүйн өөрийнх нь хүсэлтээр хагалгаа хийн, амжилттай болж байжээ. Ингэхдээ тэрээр мухар олгойг гаанс хэлбэрт орлуулан, хүйсний нүхээр нь гаргах замаар шээсний замыг нь нөхөн сэргээсэн байна.
Иймээс илүүдэл эрхтэн гэж үзэгддэг байсан мухар олгой нь өдгөө чухал нөөц эрхтэн болох нь тогтоогдож, хэд хэдэн төрлийн нөхөн сэргээх хагалгаанд ашиглагдах боломжтой болжээ.