Улс, үндэстний ялгаатай шинжүүд
Дэлхий дээр орших аливаа үндэстэн, угсаатнууд нь өөрсдийн онцлогоос шалтгаалан ямар нэг нөхцөл байдалд харилцан адилгүй дүр зураг үзүүлдэг байна. Жишээлбэл, Л.Толстой “Дайн ба энх” номондоо Герман ба Италийн зүрх зориг ямар нөхцөлд хэрхэн илэрдэг талаар ийн дурьджээ.
1 Германчуудын зүрх зориг сахилга батад тулгуурладаг
Герман цэргийн тэсвэр хатуужил даргын тушаал биелүүлэхтэй холбоотой байдаг учир “тушаал өгөөгүй бол зоригтой байх албагүй" гэж үздэг байна. Харин тушаал авсан бол, ямар нэг чанд хатуу дэглэмийн дор үүргээ үнэнчээр биелүүлдэг нь тэдний онцлог юм.
Герман улс анх байгуулагдахын өмнө Прусс улсын нөлөөнд, хагас цэргийн дэглэмд байжээ. Магадгүй тэдний энэ түүхэн ой санамж нь хадгалагдсаар ийм онцлогийг бий болгосон болов уу. Мөн өдгөө Германчууд цаг ягштал барьдаг нь ч тэдний аливаа дүрэм журам, дэглэмд сайтар захирагддагийн илрэл юм.
2 Италичуудын зүрх зориг сахилга батгүйд тулгуурладаг
Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы удирдлаган дор явсан Италийн цэргүүд тэсвэр хатуужил муутай, эр зориггүй байжээ. Гэтэл тухайн үед Италийн партизанууд (аливаа үйл хэрэгт сайн дураараа оройлон оролцсон хүнийг эл үгээр нэрлэх нь бий) баатарлагийн үлгэр дууриал болж байсан. Үүнээс үзвэл Италичууд хараа хяналт, сахилга батад биш, сайн дураараа, эрх чөлөөтэй нөхцөлд илүү зориг зүрх нь илрэн гардаг байна.
3 Оросууд аюултай нөхцөлд нэгдэж чаддаг
Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман ЗХУ руу дайрахдаа Зөвлөлтийг дотоодын хагаралтай байна хэмээн тооцоолжээ. Гэвч хүнд нөхцөлд орсон Зөвлөлтийнхөн маш хурдан нэгдэж, тэдний эсрэг зогссон ба Гитлерийн таамаглал эсрэгээр эргэсэн байна.
Тэгвэл улс үндэстэн тулгарсан асуудал болон хүнд нөхцлөөс гарах шинжээрээ хэрхэн ялгардаг вэ?
Монгол хүн бэлгээрээ
Энэ нь монгол хүний аливаад дасан зохицох шинж юм. Жишээлбэл, айл гэр шатлаа гэхэд “галын дөл өөдөө гэдэг , удахгүй бүх зүйл сайн сайхан болно” зэргээр тайвшруулж, аливаа асуудлаас бэлгэ ерөөлөөрөө гарахыг чухалчилдаг байна.
Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан
Энэхүү "Дөрвөн цаг" шүлэг нь бүх зүйлийг сайхан гэж хүлээн авч, зохицох монгол бэлгэдэлийг нээсэн тул энгийн хэрнээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан шүлэг болсон гэдэг.
Төвд хүн шидээрээ
Харин Төвд хүмүүсийн хүнд нөхцөлөөс гарах арга нь Бонгын шашин болон түүний заслын ёс ажээ.
Хятад хүн бэнчингээрээ
Харин хятадуудын хувьд аливаа асуудлыг бэл бэнчингээ ашиглан шийдвэрлэхийг оролддог байна.
Энэ мэтчилэн угсаатан бүрт ямар нэг нөхцөл байдалд гаргах хариу үйлдэл нь өөр өөр байдаг аж. Хэдийгээр хүн болгон адилгүй гэдэг ч гарал үүсэл, өсч торнисон нийгэм, хэл, соёл зэргээрээ нийтлэг угсаатнуудын дунд ийнхүү үзэл бодол, зан суртахууны ижил төстэй шинж цагийн эрхэнд суудаг байна.