Бодит амьдрал дээрх Тони Старк (Төмөр хүн киноны гол дүр) гэгддэг Илон Маск өөрийн “Тесла” компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж, үйлдвэрийнхээ Европ дахь анхны салбарыг нээлээ. Түүний Нидерландад нээсэн үйлдвэр технологийн салбарт шинэ дэвшил болж байгаа бөгөөд яг ийм загвараар Финландад дахин үйлдвэр нээх төлөвлөгөөтэй байна.
Илон Маск Нидерландын Тилбург хотод нээсэн автомашины үйлдвэрээрээ дамжуулан Бельги, Франц, Германы зах зээлд автомашин нийлүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй үүнийг хэвлэлүүд “Европыг эзлэх төлөвлөгөө” хэмээн нэрлээд байна. Америк залуу Илон Маск технологийн салбарт олсон амжилтаараа эх орондоо төдийгүй Европ даяар алдартай. Тиймдээ ч дэлхий даяар, олон нийтийн дунд нэр нөлөөтэй болсон хүн юм.
Илон Маск энэ байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж автомашины зах зээлийг эзлэхээр томоохон хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа өргөжүүлж буй нь Тилбургийн ойролцоо нээсэн нарны эрчим хүчээр ажилладаг автомашины үйлдвэр болж байна.
Уг үйлдвэрээрээ дамжуулан тэрээр нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан автомашин бүтээх олон жилийн мөрөөдөлдөө хүрэх боломжтой болжээ. Үйлдвэрийн барилгын дээвэр 43 мянган метр хавтгай дөрвөлжин талбайг эзэлдэг бөгөөд үүгээрээ үйлдвэрлэл явуулахад шаардлагатай эрчим хүч гаргаж авдаг байна.
Гурван МВт эрчим хүч хуримтлуулах ийм дээвэр буюу нарны хавтангаар гурван мянган айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой.
Илон Маск яг ийм хэмжээний эрчим хүч хуримтлуулах чадалтай үйлдвэр Финландад барих төсөл хэрэгжүүлэх аж. Мөн Невада (АНУ)-д үүнээс хэд дахин том буюу 70 МВт-ын хүчин чадалтай аварга том нарны эрчим хүчний төв байгуулах гэнэ.