Самсунг корпораци алдаа гаргаж ажилтнууддаа 105 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа тараажээ
Өмнөд Солонгосын алдарт Самсунг (Samsung) корпораци алдаа гаргаж ажилтнууддаа 105 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа тараажээ.
Уг алдаа Самсунгийн хувьцаа эзэмшдэг ажилтнуудад ноогдол ашиг тараах үеэр гарчээ.
Үүнийг Самсунгийн брокерийн компани болох “Samsung Securities Co” 37 минутын дараа мэдсэн бөгөөд энэ хугацаанд 16 ажилтан гэнэт орж ирсэн их хэмжээний хувьцааг зарж борлуулан олон саяыг олсон байна.
“Samsung Securities Co” нь Самсунг корпорацийн брокерийн үйл ажиллагааг хариуцдаг, тус корпорацийн охин компани ба Өмнөд Солонгосын хамгийн том брокерийн компанийн нэг юм. Гэсэн хэдий ч “Samsung Securities Co”-ийн ажилтнууд корпорацийнхаа хувьцаа эзэмшигч ажилтнуудад 1000 вон (0.93 ам.доллар)-ы ноогдол ашиг тараахдаа андуурч 1000 хувьцаа гэж тэдний данс руу явуулав.
Энэ нь шилжүүлгийн үеэр гардаг сонгодог алдаа агаад үүнийг “бүдүүн хуруу”-ны нөлөө гэж нэрлэдэг байна. Учир нь том бүдүүн хуруутай хүн мэдрэгч дэлгэцэн дээр дарахад буруу товчлуур дарагдах тохиолдол байдаг аж.
Үүний улмаас Самсунг корпораци ажилтнууддаа 105 тэрбум ам.доллар (112.6 их наяд вон)-тай тэнцэхүйц хэмжээний 2.83 тэрбум ширхэг хувьцаа тараав.
105 тэрбум ам.доллар нь “Samsung Securities Co” компанийн зах зээлийн үнээс даруй 30 дахин их тоо ба энэ хувьцааг компанийн 2000 орчим ажилтан хүлээн авчээ.
Ингээд 37 минутын дараа энэ алдааг “Samsung Securities Co”-гийнхан мэдээд буруу гаргасан хувьцаануудыг худалдаалах үйл ажиллагааг хаажээ. Гэвч Самсунгийн 16 ажилтан алдаа гарч өөрт нь олгогдсон хувьцааг зах зээлийнх нь үнээр зарж нийтдээ 185 сая гаруй ам.долларын орлого олсон байна.
Энэ мэдээлэл төд удалгүй хөрөнгийн зах зээл дээр тархаж, тэр дороо буюу 6-хан минутанд Самсунгийн хувьцааны үнэ 12 орчим хувиар унажээ. Энэ нь 2008 оны Дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи Самсунг корпорацид тохиолдсон хамгийн том уналт болж байгаа юм байна.
Одоо Самсунг корпораци дотооддоо хяналт шалгалт явуулж, алдаа гаргасан “Samsung Securities Co” компанийн ажилтнууд болон хувьцаа зарж борлуулсан ажилтнуудаа санхүүгийн зохицуулагчдаар аудит хийлгэж байгаа аж. Мөн тэдгээр хүмүүсийг ажлаас нь түдгэлзүүлээд байна. Гэхдээ шинэхэн саятнууд ажилгүй болсондоо нээх их анхаарал хандуулахгүй байгаа гэнэ.