Файненшл Таймс: Монгол Улсын АТГ уул уурхайтай холбоотой шалгалтын хүрээнд Ерөнхий сайд асан хоёр хүнийг баривчилжээ
Уул уурхайтай холбоотой хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллага энэ 4 дүгээр сарын 11-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг баривчилсан байна.
Монгол Улсын урд хэсэгт орших зэс, алт олборлолтын “Оюу Толгой” хэмээх уурхайтай холбоотой шалгалт явагдаж байгаа юм байна. Харин энэ явдлаас өмнө сангийн сайд асан С.Баярцогт, “Оюу Толгой”, “Таван толгой” дахь Монголын хувьцааг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн хоёр албан тушаалтныг баривчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааг анх Панамын баримт бичигт Швейцарийн банкинд С.Баярцогтын эзэмшдэг дансаар сэжиг бүхий гүйлгээ хийгдсэнээр эхэлсэн байна. Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллага сангийн сайд асан хүний гарын үсэг зурсан, Англи-Австралийн хамтарсан “Рио Тинто” корпорацитай байгуулсан гэрээг шалгаж байгаа гэнэ.
Уул уурхайн хууль бус төлбөртэй холбоотой асуудалд холбогдож буй төрийн хамгийн өндөр албан тушаалтн Ч.Сайханбилэг болж буй талаар өмнө нь мэдээлж байжээ. Гэрээ байгуулагдах үед буюу 2009 онд С.Баяр ерөнхий сайд байсан бол Ч.Сайханбилэг 2014-2016 онд ерөнхий сайд байсан байна.
Улаанбаатар хотын Прокурорын газар ерөнхий сайд асан хоёр хүнийг 48 цагаас илүү хугацаагаар хорих хүсэлтээ гаргасан бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэр гарч байж хорих хугацааг сунгах юм байна.
Канад улсад бүртгэлтэй “Рио Тинто” компанийн салбар “Туркойз Хилл” 5 тэрбум ам.долларын үнэ өртөгтэй Оюу Толгойн далд олборлолтын талаар нэмэлт мэдээлэл авахыг авлигатай тэмцэх байгууллагаас хүссэн гэж мэдээлжээ. Тэдний хүсэлтэд, төслийг анх боловсруулсан “Айванхое Майнз” компаниас хэлэлцлийг хүлээн авсан “Рио Тинто”-той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэр төрийн албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй байна гэжээ.
Дээрх үйл явдлаас гадна Швейцарь улсын шүүх авлигын хэргийг хянан шалгах ажиллагааны хүрээнд С.Баярцогтын Швейцарийн дансан дахь 1,85 сая ам.долларыг битүүмжилсэн байна. Швейцарийн Прокурорын газрын мэдээлснээр, 2008 онд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан данснуудын нэгийг битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж мэдээлжээ. Уг мөрдөн шалгах ажиллагааг анх 2016 онд эхлүүлсэн байна.
Энэхүү шалгалтын хүрээнд Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутай гэж үзээгүй байна. Хоёр долоон хоногийн өмнө Бээжин хот дахь “Блуумберг” телевизэд өгсөн ярилцлагадаа Рио Тинтогийн ерөнхий захирал: “Швейцарийн эрх бүхий байгууллага одоог хүртэл надтай холбоо тогтоогоогүй” гэсэн байна.