ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. ЮНЕСКО-гоос дэлхийн номын өдрөөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж.
Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхолын бүлгийхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм.Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог байна.
Манай улсад жил бүр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж, номын сангууд, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрууд, зохиолчид өргөнөөр оролцож, иргэд, хүүхэд залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн ном бүтээлийг алдаршуулж, олон нийтэд түгээх, хямдралтай номын худалдаа хийх ажлыг өргөнөөр зохион байгуулж иржээ.