ЭЕШ-ын оноог нэмснээр хөдөлмөрийн зах зээлийн бүтэц тэнцвэржинэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/195 тоот тушаалаар их, дээд сургуулиудын ЭЕШ-ын босго оноог 400 байсныг 480 болгож нэмэхээр тогтоосон. Тодруулбал, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болголоо. Харин коллеж, орон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог хэвээр нь буюу 400 байлгахаар шийдвэрлэлээ.
Их, дээд сургуулиудын босго оноог нэмэх болсон шалтгааны талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаас тодруулахад “Их, дээд сургуульд элсэгчдэд тавигдах шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Өмнө нь ЭЕШ-ын босго оноо 400 байсан бол энэ хавраас 480 болгон өөрчилнө. Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд ЭЕШ өгсөн сурагчдын авсан дундаж оноо 400-600 байгаа нь тогтоогдсон. Босго оноог ийн 480 болгосноор их, дээд сургуульд элсэгчид чанаржиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэнэ” гэв.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний бүтцийн харьцаа алдагдсан гэхэд болно. Хэдийгээр залуучууд дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай ч, нөгөөтэйгүүр дипломтой ажилгүйчүүд олноор бий болоход нөлөөлж байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн сөрөг үзүүлэлтийг багасгах зорилгоор ЭЕШ-ын босго оноог нэмж, их дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөлөө.