Монгол Улсын хууль, хүчний байгууллагын зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Ерөнхий сайд асан С.Баяр нарын нэр бүхий хүмүүстэй хамт саатуулан шалгаж байна. С.Баярцогтыг хорих 461 дүгээр ангид саатуулагдсаны дараа л Ч.Сайханбилэг зугтчихлаа, Монголоос оргон зайлчихлаа гэх зэрэг мессежүүд сошиалд төдийгүй хэвлэл мэдээллээр ч хүчээ авсан.
Тэгвэл Ч.Сайханбилэг Монголдоо очиж шалгуулна гэж ил захидал илгээсэндээ хүрлээ.
Хэн нэгэн том улстөрч олны өмнө гарч ирээд “энэ олон баривчилгааг чинь би л санаачилж, үүрэг өгсөн шүү дээ” гээд бахархалтайгаар зарлачихад рейтинг нь гайхалтай өсөж, ойрын хэдэн жилдээ мартагдашгүй том гавьяатнаар тодруулахад ч бид бүхэн ойрхон байх шиг. “Оюу толгойн гэрээг байгуулсандаа бахархаж явдаг”, “Доожоогүй Ерөнхий сайд байхыг хүсээгүй” тэдгээр нөхөд л манай нийгмийн хатиг, буглаа болчхоод байгааг хаа сайгүй ярьж бичдэг болсоор удаж байна. Үнэхээр ч Оюу толгойн гэрээ Монгол Улсад ашигтай бус, хорлонтой гэрээ болсон гэдгийг учир мэдэх хүмүүс ярих л юм билээ. Үнэн эсэхийг одоо л шүүж, дэнсэлнэ, буруутныг зөв олж тодруулна гэж найдах л үлдлээ.
Буруу зөвийг нь дэнслээд өгөөсэй гэж гэнэнээр хүсэж байгаа тэдгээр хүмүүсээс энд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг онцолъё.
Энэ хоёр улстөрч сүүлийн 28 жилийн түүхэнд Монгол Улсын төр нийгмийн өндөр албан тушаалуудыг хашсаар ирсэн тул манай өнөөгийн нийгмийг гардан байгуулалцсан гол авторууд гэж хэлж болох.
Харин гардан байгуулсан нийгэм нь эргээд тэдэнд “цаазын ял” өгчхөж ч мэдэхээр, тэгтлээ их хялайж харж байгаа нь эмгэнэлтэй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар муугаар хэлбэл “олон жилийн хамсаатнууд, түншүүд”, сайнаар хэлбэл багын найзууд.
Ч.Сайханбилэгийн хувьд түүхийн багш мэргэжилтэй ч телевизийн нэвтрүүлэг хөтлөн олонд танигдаж, залуучуудын байгууллагаас Ерөнхий сайд хүртэл амжилтад хүрч чадсан Парламентад 27 настайдаа хөл тавьж, хоёрхон жилийн дараа Гэгээрлийн сайдаар томилогдож байсан. Ч.Сайханбилэгийг “Та сувгаа бүү солиорой” хэмээн үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг байсан болохоор сэтгүүлч гэж эндүүрдэг.
Түүний багын найз С.Баярцогт бол овор багатай, овсгоо сайтай улстөрч. Ч.Сайханбилэгтэй үргэлж хамт явахдаа сүүдэрт нь дагаж, цүнхийг нь барьж явсангүй харин ч байнга “хос морьтой" явсан өвөрмөц намтар байх аж. Тухайлбал, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байхдаа 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны даргын албыг давхар хашсан байдаг. Мөн 1998 онд Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдын албыг ч давхар хашиж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хоёр ч удаа толгойлоод амжсан төдийгүй Монгол Улсын “хэтэвч”-ийг барьдаг Сангийн сайдаар ажиллаж, Их хурлын дэд даргын суудалд ч заларч байлаа.
Улс төрийн халуун тогоонд олон жил хамт “чанагдсан” тэдний улс төрийн карьер болон хувь заяа нь ижилхэн байж ч мэдэх юм. Өндөрт гарахдаа хамт гарч, унахдаа ч хамт унаж байна. Улс төрд эсрэгээрээ ярьдаг л даа. Өнөөдөр дайснууд байсан бол маргааш нь түншүүд болчихдог. Харин тэр хоёрын хувьд арай өөр бололтой. Ер нь эр улсад ямар ч үед хамгийн том үнэлэмж бол хамт явсан нэгнээ замын дунд хаядаггүй, үнэнч байдал юм.
Тэднийг залуугийн найзууд, ажил хэргийн хамтрагчид, улс төрийн түншүүд гэдгийг батлах зургууд ч олон бий.
Н.Эрдэнэ
Эх сурвалж: Өглөөний сонин