“Хөгшин чоно” С.Баярын үе дууссан гэдгийг Монголын төр харуулав
Хятад Улс төрд ажиллаж байгаад төсвийн мөнгөөс хулгай хийсэн, авлига авч, дараагаар нь хилийн чанад руу гарсан хүмүүсийг баривчлан ирж, бүх хөрөнгийг нь хураан хуулийн чанга хатуу хариуцлага хүлээлгэж байгаа билээ. Энэ үйл явцыг “Үнэгний ав” хэмээн нэрлэж байгаа бөгөөд манайд үүнтэй эн зэрэгцэхгүй ч ямар ч байсан ахиц гарч хилийн чанадаас улстөрчдийг дуудан авчирч байцаадаг, хорьдог болов. Хятад шиг бүх хөрөнгийг нь хурааж, цаазаар авдаггүй ч “Чонын ав” гэж нэрлэхэд нээх буруудахгүй. Яагаад гэвэл чоно шиг хүмүүсийг баривчлан хорьж, одоо л нэг хуультай улс шүү гэдгийг харуулж байна.
Тэдгээрийн тэргүүн эгнээнд явж байсан С.Баяр өөрийгөө өмнөх шигээ хүчтэй, нөлөөтэй биш гэдгийг Монголын төр түүнд нотлов.
Экс Ерөнхий сайд нар болох С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өнгөрөгч 10-ны өдрийн орой 48 цагийн хугацаагаар баривчилсан агаад өнөөдөр үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шүүх хэлэлцлээ. Тэгтэл С.Баяр улстөрийн хүрээлэл дэх танил талаа ашиглан баривчлагдсанаас 24 цагийн дараа буюу өчигдөр орой батлан даалтад гараад байсан юм. Түүнийг шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, гадуур байцааж шалгана хэмээн батлан даалтад гаргасан гэнэ. Харин өнөөдөр өглөө шүүхээр дахин хэлэлцэж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргалаа. Уржигдар орой С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан хорьсны дараа Нийслэлийн прокурорын газраас тэднийг үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлээд байсан бөгөөд С.Баяр суллагдах бүх аргаа хэрэглээд нэг өдөр наранд гарсныг эс тооцвол Монголын шүүхийн өмнө хүчин мөхөстлөө.
Одоо С.Баярын талд орж, түүнийг өмөөрөх хүн олдохгүй ба олдсон тохиолдолд С.Баяраас муу нэртэй болж үзэн ядагдах нөхцөл байдал үүсээд байна.
Хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөхгүй, тэднийг хэдий хэр хугацаа шаардагдана төдий чинээ хугацаагаар нь хорьж байгаад шалгаж олон жил яригдсан Оюутолгойн гэрээний асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх ёстой.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарын зүгээс өөрсдийг нь барьж хорьсон нь хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг бас өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүлгэжээ. Энэ юу гэсэн үг вэ. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр сөрсөн базаа хийх гэж оролдов. Мэдээж хууль зүйн үндэслэлтэй болоод тэднийг баривчилж хорьсон бөгөөд 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсныг бүр ч батлаад өглөө.
Ингэж нэгэн үе Монголын “чоно” улстөрчдийн тэргүүн эгнээнд алхаж явсан С.Баярын цаг үе дууссан гэдэг нь тод болов. Харин мань хүн өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа болтой.
Түүний хувьд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад хашиж байгаа Элчин сайдын албан тушаалаа өгч байгаад хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн ч Элчин сайдын албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй гэж эх сурвалж мэдээлэв. Магадгүй Элчин сайдыг барьж хорих нь Монгол Улсын гадаад нэр хүндэд муу учир бас нэгэн хамгаалалт болно гэж таамагласан байж болох юм. Гэхдээ үүнээс илүү чухал асуудал нь Оюутолгойн гэрээг засч сайжруулж Монголын ард түмэнд үр өгөөжтэй болгох явдал юм.