Ерөнхийлөгч ард түмнийхээ эмзэг сэдэв дээр дөрөөлөв
Сүүлийн үед хүүхэд хүчирхийлсэн тохиолдлууд ар араасаа гарч, зарим нь баталгаагүй ташаа мэдээлэл байх тохиолдол ч байсан. Нийгмийг цочроосон энэ аймшигтай мэдээллүүд олон хүмүүсийн бухимдлыг төрүүлж, саяхан хүүхэд, хөгшид бүгдийг хамарсан “дахин тэвчихгүй” тайван жагсаал болсон.
Харин энэ үеэр ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн веб хуудастаа (www.president.mn) цаазын ялыг сэргээх эсэх талаар санал асуулга явуулж байна. Ингэхдээ “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүнд цаазаар авах ял оногдуулах нь зөв үү?” гэж санал асуужээ. Мэдээж тэр жигшүүрт хэрэг үйлдэгчдийг нийгэм даяар үзэн ядаж, тэднийг цаазаар авах нь зөв гэж үзэж байгаа.
Гэхдээ энд өөр нэг асуудал байна. Хэдийгээр бага насны хүүхэд хүчирхийлсэн хүнийг цаазаар авах талаар хэлэлцэж байгаа мэт боловч хууль батлагдлаа гэхэд энэ нь цаагуураа бүх төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст үйлчлэх болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаазын ял тэр чигтээ дахин сэргэнэ гэсэн үг. Гэтэл онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүсийн хэчнээн нь хэлс хэрэгт унасныг бид мэдэхгүй.
Цаазын ял гэдэг тоглоом биш
Үүнийг сэргээх үгүйг маш нухацтай, олон шүүгч, хуульч болон нийт ард түмний байр суурийг харгалзаж, зөв шийдэх хэрэгтэй. Гэтэл энэ мэт эмзэг сэдэв дээр нь дөрөөлж санал асуулга явуулах нь ард түмний асуудалд бодитой, нухацтай хандаж шийдвэр гаргах боломжийг нь хязгаарлаж, тухайн үеийнх нь сэтгэл хөдлөлөөр дамжуулан дэмжлэг авах гэсэн мэт сэрдлэг төрүүлж байна.
Та бүхний харж буйгаар санал асуулга өгөгчдийн 62% нь дэмжсэн байна. Гэвч тэдний ихэнх нь “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээд” гэх үгсэд ач холбогдол өгч, тэр үед төрсөн уур хилэн, үзэн ядалт буюу сэтгэл хөдлөлөөрөө энэ шийдвэрийг гаргасан байх бүрэн үндэслэлтэй юм.
Тиймээс цаазын ялын асуудалд үнэн зөвөөр санал асуулга явуулж, нухацтай хандахгүй бол сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр түргэдэж мэднэ.