Шударга бусын хонгилын эзэн Ц.Элбэгдоржийн “оймс гозолзох” уу!!!
Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Н.Энхбаярыг "Авлигын загалмайлсан эцэг" хэмээн хууль хяналтын байгууллагаар шалгуулж, "оймсийг нь гозолзуулан" байж баривчилж байсан удаатай.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярын "Авлигын загалмайлсан эцэг" хэмээх суудалд Ц.Элбэгдорж суусан гэлтэй үйл явдлууд Монголд өрнөж, хэргийн цаад эзэн гэгдэх Ц.Элбэгдорж Америкийг зорьсон.
Одоо Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурсан Оюутолгойн Дубайд хийсэн гэрээ болон Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн үйл ажиллагааны ард Ц.Элбэгдорж байсан гэх хардлагыг шалгаж байна. С.Баяр, С.Баярцогт шиг 10 жил болсон ч хамаагүй дуудагдаж шалгагдах дүр зураг харагдаж байна.
Тэгээд ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг "утсан хүүхэлдэй" хэмээн улстөрийн хүрээнд цоллох болсон нь түүнийг хөшигний араас хэн нэгэн, бүр тодруулбал Н.Алтанхуягийг унагаж байгаад албан тушаалыг нь Ч.Сайханбилэгт авч өгсөн хүн удирддаг гэсэн ярианаас үүдэлтэй юм.
Таамаглаж байснаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөөд өөрийг нь хамгаалах эрх мэдэл бүхий албан тушаал Монголоос хайсан ч олдохгүй болохоор гадны улс орныг зорьж тэндээ албан тушаалтай болов. Ардчилсан намын даргын албан тушаал Ц.Элбэгдоржид олдоогүй учир тэрээр Америкийг зорьж тэндээ Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын комиссар хэмээх албан тушаалд томилогдлоо.
Мань хүн НҮБ-д томоохон албан тушаалд очих хүсэлтэй байсан ч Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын комиссар хэмээх албан тушаал нь түүний хүсч байсан том албан тушаал биш юм. Тийм ч учраас Монгол Улсын хууль шүүхийн байгууллага түүнийг дуудаж шалгах эрхтэй.
Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа намынхаа өндөр чансаатай, өөртэй нь эн зэрэгцэхүйц томоохон албан тушаалтнууд болох Н.Алтанхуяг, Х.Баттулга гэх мэт хүмүүсийг ээлж дараалан хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, рейтингийг нь унагаж харлуулах ажил хийсэн.
Шударга байцгаая хэмээн уриалж шударга ёс тогтоохоор хууль, шүүхийн тогтолцоог бүхлээр нь өөрийн гараар шинэчилж эмхлэн байгуулсан тэрээр өнөөдөр Монгол Улсад прокурор, шүүхийнхэн яаж даварч, хуулийг завхруулж байгааг харж л байгаа байх даа.
Ц.Элбэгдоржийн байгуулсан шүүх засаглалтай одоо Төр, түмэн тэмцэж байна. Үүний хажуугаар Монголын Төр, Монголын ард түмнийг хохироосон хүмүүсийг хилийн чанадаас ч хамаагүй дуудаж авчирч, хорьж саатуулан байцаалт авч шалгаж байна.
Тэгвэл шударга ёс тогтоох энэ шуурганаас ганцаар шахуу сугарч үлдэж буй хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүн нь Ц.Элбэгдорж болж байгаа бөгөөд дараагийн дуудагдах хүнээр Ц.Элбэгдорж тодрох магадлал өндөр.
Түүнийг Монголын Төр дуудсан тохиолдолд мань хүн өөрийн байгуулсан шударга хууль хяналтын байгууллагаа хүндлээд ирэх болов уу. Ирэхгүй бол "оймсийг нь гозолзуулан" баривчлах нь тодорхой. Тиймээс Ц.Элбэгдорж гутлаа өмсөөд өөрөө ирдэг байгаа. Тэгээд ч Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг хуулиас зугатдаг этгээдүүд хэмээн цоллож, С.Баярцогтыг шалгуул гэж хэлсэн хэмээн томорч суусан Ц.Элбэгдорж өөрөө үнэхээр том онигоонд орно.
Төмөр замын хэрэгт нэр холбогдож Америк руу зугатаасан "Либерти Партнерс"-ийн захирал Ч.Ганбатыг Монголын Төрийг доромжилж Монголын Төрөөс хулгай хийдэг хэн юм, Монголын Төр түүний араас явах болно хэмээн мэдэгдэж байсан Ц.Элбэгдорж дуудсан цагт ирэхгүй бол онигоонд орохоос өөр аргагүй.
Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийг толгойлдог агаад 2009-2017 онд Ерөнхийлөгч буюу ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2009 онд улс орны хувь заяатай холбоотой чухал асуудал болох Оюутолгойн гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэж шийдвэрлэх үед ямар чиглэл өгснийг шалгах хэрэгтэй.
Мөн УИХ-ын гишүүн асан Г.Уянгын хэлж байсанчлан Ц.Элбэгдоржийг Рио-Тинтогоос байр авсан, эхнэр Х.Болормаагийнх нь зохиосон байгуулсан арга хэмжээнд Рио-Тинто их хэмжээний мөнгө хандивласан гэх шалгах асуудал ч бас бий.
Энэ бүгдээс харахад удахгүй дуудагдах хүнээр Ц.Элбэгдорж тодрох болтой. Харин дуудсан тохиолдолд эр зориг гарган ирдэг л байгаа даа. Тэр үед л Н.Алтанхуягийн хэлж байсан Шударга бусын хонгилын эзэн Ц.Элбэгдорж мөн эсэх батлагдах юм.