Марк Зукерберг фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг зарсан хэмээн буруутгагдлаа
2.2 тэрбум хэрэглэгчтэй Фэйсбүүк компани АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын онлайн сурталчилгааг хариуцаж байсан Британийн Кембриж Аналитик (Cambridge Analityca) компанид 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг зарсан хэмээн буруутгагдаад байгаа билээ. Тэгвэл уг компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Конгресс (АНУ-ын парламент)-т мэдүүлэг өглөө.
Хуульчид Зукербергийг Америкийн прокурор, Холбооны мөрдөх товчооны дарга асан Мюллерийн мөрдөгчидтэй хамтран ажиллаж, Кембриж Аналитик компанид 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн өгсөн талаар мэдэгдэхийг шаардсан. Харин Марк Зукерберг ямар ч нууц дэлгэхийг хүсэхгүй байна хэмээн хариулжээ.
Тэрээр эхний мэдүүлэгтээ манай компани Мюллерийн мөрдөгчдөөс зарлан дуудах бичиг авсан бөгөөд зөвхөн тавьсан асуултынх нь дагуу мэдээлэл өгсөн гэжээ.
Мэдүүлгийн үеэр прокурор “Та эсвэл танай компанийн хэн нэгэн тусгай консулын газартай уулзалт хийсэн үү?” хэмээн асуухад Зукерберг “Миний хувьд ямар ч хувийн уулзалт болоогүй бөгөөд бусад ажилчид маань ч тэгээгүй гэдэгт итгэж байна. Мөн би энд болгоомжтой байхыг хүсч байна. Учир нь тусгай консул болон бидний хамтын ажиллагаа бол бидний дундах нууц, би нээлттэй шүүх хурал дээр нууцаа дэлгэмээргүй байна” гэж хариулжээ.
Зукерберг эхлээд тусгай консулаас бидэнд зарлан дуудах бичиг ирүүлсэн гэж хэлсэн ч дараа нь үгнээсээ буцаж, би зарлан дуудах бичиг ирсэн талаар баттай мэдээгүй ч ирсэн гэдэгт нь итгэж байна. Ямартай ч бид одоо тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа гэдгээ л сайн мэдэж байна хэмээн зөрүүтэй мэдүүлэг өгчээ.
Зукерберг Конгресст дуудагдахын өмнө сошиал медиаг сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл болгохгүй гэсэн мэдэгдэл зурагтаар цацагдсан. Энэ үеэр Зукерберг хуульчдын итгэлийг олохыг оролдож, фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг олж авах боломжтой бүх аппликейшныг судлах болно хэмээн мэдэгдэж байжээ.
Харин сенатын шүүх хурлын дарга Чарльз Грасли “Фэйсбүүк компани нь хэрэглэгчдийн итгэлийг алдаж, тэдний хувийн мэдээллийг зүй бусаар шилжүүлсэн нь тодорхой байна" гэжээ.
Үүнийг батлах бас нэг зүйл нь Дюрбин түүнээс “Та өнгөрсөн шөнө хоносон буудлынхаа нэрийг хэлж болох уу?” гэж асуухад тэрээр хэсэг балмагдсаны эцэст “Үгүй” гэж хариулжээ.
Дараа нь Дюрбин “Энэ долоо хоногт та хэн нэгэнтэй мессеж солилцсон бол хэнтэй бичсэнээ бидэнд хэлж болох уу?” гэж асуухад Зукерберг мөн л хариулах гэж тэвдсэн байна.
Дюрбин “Миний бодлоор эндээс бүх юм харагдаж байна. Хувийн мэдээлэлд хандах эрх, хэм хэмжээ, дэлхийн өнцөг, булан бүрт амьдарч буй хүмүүсийг хооронд нь холбох нэрийн дор тэдний хэр их мэдээлэлд халдсан нь эндээс харагдаж байна” гэсэн хатуу дүгнэлтийг хийсэн юм.
Вашингтон дахь Капитал Хилл (АНУ-ын Төрийн ордон)-д болсон шүүх хурлын үеэр, Марк Зукербергийг ирэхээс өмнө, иргэд "Тагнахаа боль", "Бидний хувийн мэдээллийг хамгаал" зэрэг уриа лоозон өргөжээ.
Фэйсбүүкээр дамжуулан залилан, луйвар гээд олон гэмт хэргүүд гарч, зарим хүмүүс хувийн мэдээллээ алдан хохирдог тохиолдол манай улсад ч мөн их гарах болсон. Харин одоо Фэйсбүүк компани болон түүний удирдлагууд өөрсдөө хэрэглэгчдийнхээ итгэлийг алдлаа. Та бүхэн ч мөн уг сайтад байгаа өөрсдийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй болжээ.
Товчхондоо, Марк Зукерберг фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг шилжүүлснээс үүдэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан гэх зэмлэлд унаад байгаа бөгөөд үүнээс болж фэйсбүүкийн хувьцаа ихээр унаж, Марк Зукерберг их хэмжээний алдагдал, мөнхүү олон нийтийн итгэлийг алдлаа. Одоо олон нийтийн итгэлийг эргүүлж олж авах нь нэлээд хүндрэлтэй агаад фэйсбүүкээс бөөнөөр татгалзах тухай ч яриад эхэллээ. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Энэ зуур фэйсбүүкийг орлох ийм хэмжээний томоохон сошиал сүлжээ бодлогоор гаргаж ирж ч магадгүй нөхцөл байдал үүслээ.